Tuesday, January 15, 2008

Хунт нуур аа гэж...

  Хэд хоног нойргүй явсаар байгаад мангар юм шиг болчихож. Арай гэж блогоо бичиж байна.
   Уржигдар ЯМОХ-ын УЗ-ийн хурлаа тарчихаад балет үзлээ. Ленинградын Улсын Балетын Чуулгын "Хунт нуур"-ыг үзэв. Аргагүй л 170 жилийн түүхтэй балетын чуулга юм даа. Би учир зүггүй балет мэддэггүй ч гэсэн, өдийг хүртэл үзэж ирсэн балет дундаас хамгийн тансаг нь байлаа. Суудал маань тайзнаас хол байсан тул царайг нь харж чадаагүй ч, тэр гар хөлний уян найланхай бас эрч хүчтэй хөдөлгөөн нь, амьд хөгжмийн чуулга нь, тайз засалт хувцас хунарынх нь дэгжин тансаг байдал нь ёстой л цус хөөргөж байна лээ шүү. Харамсалтай нь эхний үзэгдэл дээр нь зовхио дийлэхгүй дуг хийж орхисон байв. Гэнэт нэг л танил ая яваад нүдээ нээгээд харсан чинь нэгдүгээр үзэгдлийн хоёрдугаар хэсэг(зарим балетэн дээр хоёрдугаар үзэгдэл)-ийн алдарт "Дөрвөн хунгийн бүжиг" явж байдаг юм байна. Энэ аяыг нь байнга сонсдог болоод ч тэр үү нэг л сэтгэлд ойрхон байдаг юм. Бүжиг нь ч гэсэн дөрвүүлээ гараа хөтлөөд яг ижилхэн хөдөлгөөн хийнгээ, хажуу тийшээ, урагшаа явж, үсрэх нь нэг л хөөрхөн... Тэр хөдөлгөөнийг яг тэгж зэрэг хийнэ гэдэг бас агуу шүү.
   



   Энэ хэсгийг үзээд хөөрчихсөн байсан болоод ч тэр үү, 3 үзэгдлийг дуустал нь сэрүүн байсан шүү. Завсарлагаанаар нь тухайн бүжгэн жүжгийн программыг авснаа одоо үзээд сууж байна. Оросууд урлаг, спорт, шинжлэх ухаан гээд бүх л зүйлд авъяастай байх юм аа. Орос гэснээс "Цагаан шөнийн" хот Ленинград(Санкт-Петербург) нэг явж үзэх юм сан...
   Монголд анх "Хунт нуур" 1975 онд тавигдсан гэдэг. Дараагийнх нь 1993 онд гэж сонссон. Хамгийн сүүлд бол 2005 онд буюу "Хунт нуур" Монголын тайзнаа тавигдсаны 30 жилийн ойгоор тавигдсан шиг санаж байна. Гэхдээ энэ хооронд тогтмол, маш олон удаа тавигдсан гэсэн. Би Монголд "Хунт нуур" үзэж байсан шиг санадаг юм. Даанч яг хэзээ, хэний тоглосоныг гэдгээ мэддэггүй. Хэрвээ Монголын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрынх бол 1993 онд үзсэн болж таарах гээд... Нэг удаа Японоос балетчид ирж тоглож байсан. Тэр гэхдээ "Цөмөөхэй" байсан шиг санах юм... Ээжээсээ асуудаг хэрэг ээ. "Та яг намайг ямар юманд дагуулж явсийн?" гээд. хэхэ.
  Энэ удаагийн балетнаас хоёр зүйл мэдэрлээ. Эхнийх нь, Монголын балет аль ч улсын дор орохгүй чадалтай юм байна гэдэг. Дараагийнх нь, би урлаг ойлгодоггүй, мэддэггүй гэлтгүй балет, дуурь, драм зэргийг үзэж л байх хэрэгтэй гэдэг. Цааш цаашдаа өөрийгөө хөгжүүлэх үүднээс байнга иймэрхүү тоглолтуудыг үзэж байнаа гэж... Дашрамд хэлэхэд, иймэрхүү тоглолтуудын билетийг эртнээс захиалбал бараг тал үнээр нь авч болдог юм байна лээ шүү
.

Thursday, January 10, 2008

Хоёрхон чавхдсандаа хорвоог багтаасан...

   Бээжингийн Олимпийн нээлтэн дээр морин хуур эгшиглэнэ. Үүнийг мэдсэн олон Монгол улсын иргэд дор дороо бухимдал дургүйцлээ илэрхийлж байна. Би ч гэсэн анх сонсоод юу гэхээ мэдээгүй шүү. Гэтэл сайн бодоод үзвэл бас тийм ч уур хүрмээр зүйл биш юм шиг ээ. Бид үүнийг зөвөөр хүлээж авч, бодлоготой хөдөлбөл харамсалтай ч юм уу, эсвэл ичмээр ч юм уу зүйл огт байхгүй гэж бодох юм.

   Морин хуур бол дан ганц Монгол улсын хөгжим биш, Монгол үндэстний хөгжим. Гэдэг маань Өвөр Монголын Өөртөө Засах Орон ч гэсэн Морин хуурыг өөрийн хөгжим гэх эрхтэй. Өвөр Монголын Өөртөө Засах Орон маань Хятад улсын харъяат. Гэдэг маань Хятад ч гэсэн морин хуурыг "Манай улсын цөөнх үндэстний хөгжим" гэдэг утгаараа өөрийнх гэх бүрэн эрхтэй. Бид хэрэв үүн дээр хөгжмөө тоглуулахгүй, манай хөгжим гэсэн байдлаар хандах юм бол Өвөр Монголчуудыг "Монгол үндэстэн" биш хэмээн үгүйсгэж байгаа хэрэг болох бус уу.

   Өнөөдөр дэлхийн сая сая хүн тоглодог төгөлдөр хуур анх Италид зохион бүтээгдсэн гэдэг. Гэтэл өнөөдөр төгөлдөр хуурыг хэн ч хаана ч тоглож болдог шүү дээ. Ингээд бодохоор морин хуурыг ч гэсэн хаана хэн тоглоход асуудалгүй баймаар. Харин ч Морин хуур маань UNESCO-н Дэлхийн Соёлын Хийсвэр Өв (Intangible Cultural Heritage) болон зарлагдсан байдаг нь олзуурхууштай. 2009 онд албан ёсоор бүртгэгдэх юм гэсэн. Хийсвэр өв гэснээс манай уртын дууг маань харин Олон Үндэстний Соёлын Хийсвэр Өв гээд Хятад ба Монгол улсынх гээд зарласан байсан. Өвөр Монголд ч гэсэн өөрийн гэсэн уртын дуу байдаг болохоор үнэхээр яах ч аргагүй юм. Энэ маягаар Хятад улс морин хуурыг ч гэсэн олон үндэстний гэдгээр бүртгүүлэх биз. Хөгжим зэмсгээр ч зогсохгүй Монгол бичиг болон Монгол хэлийг хүртэл бүртгүүлэх боломж тэдэнд байна.

   Хятад энд тэндхийн үйл ажиллагаан дээр морин хуур болон уртын дууг танилцуулахыг зогсоох арга байхгүй ч, Монгол улсын засгийн газар маань аль болох эдгээр үнэт өвүүдээ хэн хүнээс өрсөн албан ёсоор бүртгүүлж, дэлхий дахинд зарлахгүй бол бүх зүйл л бичиг баримтан дээр тогтож буй өнөөдөр бид газар нутгаа хүртэл алдах энүүхэнд байна. Тийм ч учраас Японд сурч буй Монгол оюутан бид Монголынхоо тухай, Монгол соёлынхоо тухай аль болох их хүнд ярьж, танилцуулж, байнга л "Монголын элчин сайд" байх ёстой юм. ЯМОХ-оос зохион байгуулдаг Хаврын Баяр ч гэсэн үүнд их том үүрэг гүйцэтгэдэг гэж бодож байна.

   Эцэст нь хэлэхэд Бээжин Олимп 2008-ын нээлтээр Морин Хуурын талаар ямар тайлбар хийхээс л их зүйл шалтгаалах байх гэж бодож байна. Үүн дээр манай улсын зүгээс ч гэсэн маш болгоомжтой хандахгүй бол болохгүй буй заа.

Friday, January 04, 2008

"Чингис хаан" жүжиг

     Өнөөдөр "Чингис хаан" жүжгийн урьдчилсан тавилтыг үзлээ. Япон зохиогч, найруулагч, продюсер, жүжигчид, стаффтай энэ жүжгийн талаар төрсөн сэтгэгдлээ бичье.
     Өнгөрсөн жил "Бөртэ Чоно-Чингис Хаан" хэмээх кино дэлгэцнээ гарсныг та бүхэн санаж байгаа байх. Мөн л Япон найруулагч, жүжигчидтэй (гол дүрүүд) энэ кино олон ч хүний шүүмжлэлтэй учирч, янз бүрээр яригдсан. Би өөрөө үзээгүй ч сураг сонсохнээ Бөртэ үжин Жамухатай сүй тавьсан байдаг гэсэн. Энэ удаагийн "Чингис Хаан" жүжгэнд ч гэсэн арай боловч төстэй зүйл ажиглагдсан. Бөртэ үжин маань Тэмүжингийн бие хамгаалагч аятай хөнгөн шингэн хувцаслаж, хутга барин үсэрч дэвхцэн, амь тэмцэн хамгаалж байх юм гэнэ. Хатан гэхээсээ илүү зарц бараа бологч шиг л аяглаж, сав л хийвэл өвдөглөн сууж, толгой бөхийлгөх юм. Хамгийн хачирхалтай санагдсан нь Жамухын сүйт "カルカ" хэмээх гүнжид Тэмүжин сэтгэл алдарч, түүнд нь Бөртэ үжин гомдон тунирхаж байх юм. Жамухын хатдын дунд "カルカ" гэж байсан билүү гэж бодлоо... Хамгийн ойр бууж байгаа нь Хулан хатан байдаг, гэтэл Хулан хатан Жамух хоёр чинь ямар хамаатай билээ...
      Кинон дээр бол Хулан хатан хутга шиддэг гэсэн, харин жүжгэн дээр бол Бөртэ үжин хутга барин дайрдаг юм. Кинон дээр Бөртэ үжин Жамухатай сүй тавьсан байдаг бол, жүжгэн дээр "カルカ" Жамуха хоёр сүй тавьжээ. Ай даа яаж яваад ийм зохиолтой болсон юм бол бүү мэд.
     Жамухын Жадаран аймгийн талаар огт дурдагдсангүй, анхнаасаа л Хэрэйдийн хүн аятай дүрслэгдсэн байсан. Хамгийн гайхсан нь Тэмүжин, Жамуха хоёр багын анд байсан гэдгийг огт үзүүлээгүй шүү. Мөн Өүлэн эхийг Тэмүжинг Чингис Хаан цол авахаас өмнө нас барж байх юм. Гэтэл Өүлэн эх чинь 1220 онд хорвоогоос хальсан биш билүү(Андуурч байж магад).
     Гэх мэт шүүмжлэх зүйл их гарч ирсэн ч уран сайхны, хайр сэтгэлийг үзүүлсэн жүжиг гэдгийнхээ хувьд бол сайн жүжиг болж чаджээ. Өмнө нь нэг удаа сургуулилтыг нь харж байсан юм. Тэр үед их л биширч байсан сан. Жинхэнэ тоглолтыг нь үзээд бүр хэлэх үггүй боллоо. Гайхамшигтай. Жирийн нэг жад барьсан харуул нь хүртэл зулайнаасаа хөлийн тавхай хүртлээ "цахилгаан" гүйлгэж, бүх биеэрээ, бүх сэтгэлээрээ жүжиглэж байсан. Үг хэлэхгүй ч гэсэн, онцгойрч хөдлөхгүй ч гэсэн тэр дүрүүд байсан цагт л жүжиг гэдэг амилдаг юм байна гэдгийг мэдэрсэн дээ.
      Монголд "Бөртэ Чоно-Чингис Хаан" киног гаргахыг хориглох хүсэлт удаа дараалан гарсан. Энэ жүжгийн хувьд харин яах бол? Нэгэнтээ л хууль судалж байгаа юм чинь энэ талаар жаахан судлаад хуваалцах болно оо.
     Энэ жүжгийн веб хуудас нь http://www.yu-jo.com/genghis/genghis.htm тул та бүхэн нэг ороод үзээрэй. Жүжгээ ч гэсэн нэг үзээд авбал зүгээр шүү. Өөрийн эрхгүй түүхээ дахин нэг шагайж харах сайхан боломж гардаг юм байна лээ.
     Дашрамд хэлэхэд манай ЯМОХ энэхүү жүжгийн зохион байгуулагчидтай хамтран театр дээрээ Монгол дээл өмсөж үзэх буланг нээн ажиллуулж байгаа. 1-р сарын 4, 13, 17, 20, 28-ны өдрүүдэд тус тус 16 цагаас ажиллана. Зав чөлөөтэй хүн байвал өдөр 12.30-с ирж жүжиг үнэгүй үзчихээд, бага зэрэг туслаад явж болно шүү. Ирэх хүсэлтэй бол chingiskhaanyamokh@yahoo.com хаягаар холбоо барина уу. Мөн эргэн тойрны хүмүүсдээ ч гэсэн энэ жүжгийг сурталчилж өгвөл их баярлана. ЯМОХ-оос билет авах юм 50% хямдраад 4000 иен болно шүү. Энэ боломжийг бүү алдаарай.



Wednesday, January 02, 2008

Tuesday, January 01, 2008

Шинэ гараа

      2008 он ч их л яаруу жил болох болтой дог оо.
      Өчигдөр оноо гаргах гээд Ёкохамад байдаг найзындаа цуглав. Хоол ундаа хийж эхлэх гэсээр байтал цаг орой болж, хам хум идээд бушуухан шиг Минатомираи руу хөдлөв. Буудлаасаа бага зэрэг зайтай байр байсан тул гүйхээс өөр аргагүй байлаа. 7, 8-н хүн нэг захаас нөгөө зах хүртэл хар хурдаараа гүйгээд өнгөрөв. Каунтдаун болох газартаа 3 минут хоцорч очно гэдгээ мэдсэн тул шууд л дэншан дотроо тоолж байгаад оргилуун дарсаа буудуулав. Энэ жилжингээ дэншанд явах юм байлгүй дээ, ноднингийн Тугаа шиг... Буудлаасаа яг гарч ирээд л хартал хамгийн сүүлийн салют пүс "бударч" байх юм. Энэ 1 секундын салютын төлөө баахан гүйж яарч ирсэндээ инээд хүрэв. За яахав, Японы цагаар тухтай оноо гаргаагүй ч Монголын цаг гэдэг нэг боломж үлдсэнээ санаад тайвшрав. Тэр хавиар тоглоомын парк хэссэн шиг, ганц хоёр тоглоом тоглосон шиг цаг нөхцөөв. Бас болоогүй ээ, найзтайгаа хамт НИГАОЭ буюу өөрийнхөө хошин зургийг зуруулаад авав. Дараа зургийг нь аваад тавина аа. Ямартаа ч Монголынхоо цагаар шинэ оноо амжилттай, тайван гаргаж найзынхаа руугаа буцав. Өглөө их эрт бас нэг хөтөлбөртэй байсан тул бас л яаран гэр лүү нь гүйв. Дахиад л 7, 8-н хүн сүр сар гээд л өнгөрөв.



      Найзындаа очингуутаа идэж амжаагүй байсан хуушуур салатаа идэв. Хуушуур их амттай болсон. Найзууддаа баярлалаа. Харамсалтай нь миний хариуцаж авсан салат, төмсөө сойгоогүйн улмаас нялцайсан муухай юм болов.



Уучлаарай. Сүүтэй цайны тухайд ч гэсэн уучлаарай(Давс гээд АЖИНОМОТО амтлагч авчихсан байна лээ).

      Хагас цаг ч бололгүй хам хум хувцаслаад дахиад л буудлын зүг гүйцгээв. 6, 7-н гар сүр сар гээд л ...
Хав харанхуйд гарсан хүмүүс чинь үүр яг цайхын алдад далайн эрэг дээр очив. Тэнгэрийн хаяа ямар ч үзэсгэлэнтэй юм бэ. Үгээр илэрхийлэхийн аргагүй тул зургийг нь л тавъя. Ямар ч гэсэн гүйсээр байгаад энд ирсэндээ хүн болгон сэтгэл хангалуун байлаа. Далайн мандлаас ургах тэр час улаан нарыг хараад энэ оныхоо бүх л эрч хүчийг олоод авах шиг болсон. Алгаа хавсраад өөрийн болон гэр бүлийнхээ, найз нөхдийнхөө эрүүл мэнд, аз жаргалын төлөө мөргөсөн. Өө тийм, нар харах гэж далайн эрэг явсан биш Фүжи уул яг ар талд байсан байна лээ шүү. Та бүхэн ч гэсэн нэг очоод нар мандахыг хараарай. Канагава мужийн Хирацүка Саутерн Бийч гэж бий. Өглөө хамгийн эхний дэншагаар хөдлөхөд амжина.
      Өвлийн хүйтнээ мэдрхэгүй шахам гүйсээр үдсэн 2007 он, угтсан 2008 он. Үнэхээр сайхан дурсамжтай үлдлээ. Өнгөрсөн ондоо хийж амжаагүй зүйлээ болон шинээр хийхийг зорьсон бүх зүйлээ 2008 ондоо багтааж хийж бүтээхийн төлөө хичээх болно оо.
      Өө тийм, 2007 оны 12-р сарын 30-нд алдарт ВИМО-гийн шинэ жилийн үдэшлэг болсон. Олон ч сайхан хүмүүстэй танилцаж, их л хөгжилтэй үдшийг өнгөрөөлөө. Манай охид бүсгүйчүүд ч үзэсгэлэнтэй юм аа. Зохион байгуулагчиддаа баярлалаа.



Special Thanks to Васэдагийн ИС-ийн хамт олон. Та бүхнийхээ ачаар шинэ оноо сайхан зурагтайгаар угтаж чадлаа. Үнэхээр их баярлалаа.