"Үхэр сүх далайтал амар", гэгчээр хэдэн реферат, курсын ажил зэргээс салаад одоо улирлын эцсийн шалгалт хүртэл хэдэн хоног үлдээд байна. Хэд хоног хэтэрхий ачаалалтай байгаад ядарсан уу, эсвэл залхуурсан уу, өнөө маргаашдаа шалгалтандаа бэлдэх хүсэл алга шив. Энэ маягаар бас нэгэн "галзуу" долоо хоног үргэлжлэх байлгүй.
"Санамсаргүй" 1
За тэгээд онцсайн "ажилласан" өөрийгөө мялааж байгаа юм гээд аятайхан газар хоол идье гэж бодоод сургуулиасаа гарлаа. Хаашаа орохоо шийдэж ядаж байтал нэгэн найзаас маань ойрхон явж байна гэсэн мессэж ирдэг юм байна. Даруй уулзахаар шийдлээ. Сайхан хоол идэн, ярьж хөөрөөд салцгаалаа. Найзаасаа салаад би буудал руу буцаж явлаа л даа.
"Санамсаргүй " 2
Замын эсрэг талд "Communications Museum" гэж томоос том бичсэн нэгэн барилга байв. Сайн ажиглавал NTT хэмээх Японы цахилгаан холбоо, сүлжээ мэдээллийн хамгийн том компаний лого харагдана. Ямартаа ч зам гаран, ямархуу үзэсгэлэн юм бол хэмээн сонжив. Гэтэл хаалганы хажууд нэгэн плакат, түүн дээр нь нэг л танил зураг харагдах нь тэр.
... "юу билээ?" санаж өгдөггүй. Саяхан нэгэн бяцхан сурагчдаа уншиж өглүү, эсвэл багадаа ч уншиж байлуу, бүр үгүй Осакад хэлний бэлтгэлд байхдаа заалгалуу, гэх мэтээр тодорхой санаж чадахгүй байгаадаа бухимдан орж үзэхээр шийдлээ. Хачирхалтай нь тэр үзэсгэлэнгийн тасалбар нь ердөө 110-н л иен байв. "Ай даа, ямар л юм бол доо..."
Такихира Жиро, бар зураг болон цаасан хайчилбараас гадна хүүхдийн зурагтай номны зохиолч хүн. Түүний дурсгалд зориулсан үзэсгэлэн байв. Өнөөх зураг маань "モチモチの木" ( http://www.amazon.co.jp/%E3%83%A2%E3%83%81%E3%83%A2%E3%83%81%E3%81%AE%E6%9C%A8-%E5%89%B5%E4%BD%9C%E7%B5%B5%E6%9C%AC-6-%E6%96%8E%E8%97%A4-%E9%9A%86%E4%BB%8B/dp/426590906X ) гэсэн миний бага сургуулийн сурах бичгэн дээр гарч ирсэн үлгэрийнх байв. Хөдөө өвөөтэйгээ хоёулханаа аж төрөх бяцхан хүүгийн талаар, хэрхэн өвөөгөө аврахын тулд зоригтой алхам хийдэг талаар маш энгийн бөгөөд сайхнаар өгүүлсэн үлгэр байдаг юм. Миний үүнд дуртай гэж жигтэйхэн, өвөө болон хүүгийн тус тусын хоолойны өнгийг дуурайж, чангаар уншдаг байж билээ.
Тус үзэсгэлэн энэ оны 2-р сарын 3-н хүртэл явагдах юм, энэ үлгэрээс гадна түүний хайчилсан бөгөөд зурсан агуу бүтээлүүд маш олноор тавигдсан байна лээ. Хэрэв завшаан гарвал заавал очиж үзээрэй. (http://www.teipark.jp/event/event.html#3)
Уг үзэсгэлэнгээс гараад 2 болон 3-н давхарт байдаг Японы цахилгаан холбоо, шуудан, телевиз радиогийн хөгжлийн талаарх үзмэрүүдийг сонирхлоо. NTT болон NHK, Япон шуудангийн түүх болон шинэ техник технологийн талаар дэлгэрэнгүй, ойлгомжтойгоор толилуулсан байв. Яаж зүгээр байх вэ, утасны дэвтрээс танилуудынхаа дугаарыг байна уу үгүй юм шалгаж, шуудан зөөгч мотоцикл дээр сууж үзэн, эцэст нь улс улсын маркуудын үзэсгэлэнг сонирхов.
Санамсаргүй 4
Санамсаргүй 5
Ийнхүү миний санаатай бөгөөд санамсаргүй нэг өдөр өндөрлөлөө. Мэдээж орчин үед тодорхой зорилготой, төлөвлөгөөтэй, бодолтой амьдрахгүй бол болохгүй ч энэ мэтийн санамсаргүй зүйлтэй "учрах", "хүлээж авах" сэтгэл санааны зай багтаамж, бэлтгэл хүнд хэрэгтэй юм шиг. Мөн бүх эртнээс найдах эсвэл урьдчилан гадарлах нь ч гэсэн ийнхүү "санамсаргүй" тохиолдлуудыг үргээдэг юм болов уу. Үгүй ээ, ерөөсөө би гэдэг хүн л ийм жижигхэн зүйлэн дээр "хувь тавилан" ярьж, хий хөөрөөд байгаа юм болов уу?
....тийм байсан ч хамаагүй ээ, чимх инээдээс ч гэсэн чин сэтгэлийн аз жаргалыг олно, чимх зүйлийг ч гэсэн чин сэтгэлээсээ нандигнана, би ер нь ийм л хүн.
Харин одоо уншигч та, өөрийн чимх "санамсаргүй"-гээсээ хуваалцаач ...



