Tuesday, March 13, 2007

Гайхалтай төрсөн өдөр

Японд ирснээс хойш хоёрдох удаагийн төрсөн өдрөө тэмдэглэлээ. Монголд байхдаа ч, энд ирсэн хойноо ч төрсөн өдрөө ихэнхдээ өөрөө зохион байгуулж, ямар ч гэнэтийн бэлэггүй байдаг байсан бол энэ удаад хэсэг нөхдийнхөө ачаар гайхалтайгаар тэмдэглэж өнгөрүүллээ. Төрсөн өдөр бол ганц миний баяр биш, манай гэр бүл, найз нөхдийн минь баяр байх ёстой гэж боддог. Намайг төрсөнд, надтай учирсандаа хүн болгон баяртай байгаасай гэж би боддог болохоор тэр. Хамгийн гол нь намайг төрүүлж өсгөсөн ээждээ баярлах ёстой өдөр шүү дээ. Ямартаа ч хорин насыг зооглолоо. 1 ба 2 гэсэн тооны ялгааг мэдрэх цаг нэгэнт болж.
Хорьтойдоо л хийхгүй бол болохгүй зүйлсийнхээ жагсаалтыг аль хэдийн гаргачихсан байгаа. Хамгийн энгийн жишээ нь мини юбка өмсөж сурах явдал. Хорьж болдоггүй хорин нас аа гэж...
Нөхдийн маань өгсөн бэлэг. Хүнээс бэлэг авах сайхан. Тэр тусмаа оюуны бэлэг болох ном авах бүр ч сайхан. Уншиж дуусаад сэтгэгдлээ хуваалцах болно оо.




Tuesday, March 06, 2007

Цагийн ажил

Япон Монголын оюутны амьдралын хамгийн том ялгаа нь Япон оюутнууд цагийн ажил их хийдэг, амьдралынх нь нэгэн хэсэг болчихсон байдаг. Хэдий сургалтын төлбөр, хоол ундны зардал гээд гэрээсээ дэмжлэг авдаг ч, ихэнх оюутнууд их сургуульд орсон дороо л цагийн ажил хийн, байр хөлслөн амьдарч бие дааж эхэлдэг. Зарим нэг нь ахлах сургуульд байхаасаа л цагийн ажил хийдэг. Энэ цагийн ажлыг Японд アルバイト(バイト) гэж нэрлэдэг бөгөөд энэ үг нь Герман хэлний arbeit гэдэг үгнээс гаралтай.

За, үгийн утга ч яах вэ. Гол нь энэ цагийн ажил гэгч нь Японы хүнд хэцүү нийгэмд бага ч болов хөлөө олоход нь, тэр хүнд хэцүүг нь давж туулахад нь ихээхэн том үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл цагийн ажил хийснээр ирээдүйд нийгэмд гарахад өөрийгөө бэлтгэдэг гэсэн үг. Ажлын төрөл гэвэл тоолоод баршгүй. Хоолны газрын зөөгч, аяга таваг угаагч, дэлгүүрийн худалдагч, ачаа зөөгч, цагийн багш, орчуулагч гэх мэт... Гадуур үнэгүй тараадаг сэтгүүл, интернэт зэргээс ажлын зарыг хайн, түүнийхээ ярилцлаганд очно. Тэгэхдээ ихэнхдээ өөрийнхөө намтрыг авч очих хэрэгтэй байдаг. Цалингийн хувьд мөн л янз бүр. Ажлаасаа мөн байрлалаасаа шалтгаалаад багадаа цагийн 600 иен орчим, ихдээ 4000 иен зэрэг байдаг. Долоо хоногт 2-оос 3-н удаа хийх нь элбэг.
Энэ хүртэл Япон дах цагийн ажлын тухай бага зэрэг танилцууллаа. Яагаад энэ тухай ярих болсон бэ гэвэл, би өчигдрөөс эхлэн нэгэн үйл ажиллагааны мэдээллийн албанд цагийн ажил хийж эхэлсэн юм. Мэдээллийн алба ч гэж дээ, ширээнд компьютерийн өмнө суугаад, үйл ажиллагааны талаар, жишээлбэл байршил, эхлэх болон дуусах цаг, тэр газраас нийтийн тээврийн хэрэгслээр хэрхэн харих гэх мэт ирсэн зочдын асуултанд хариулж, тэдэнд туслах ажил юм л даа. Энэ үйл ажиллагааны нэр нь "Urban Development & Retail Renaissance " гээд жил болгон Big Sight for four-д болдог нилээн том үзэсгэлэн яармаг юм л даа.
Барилгын материал, хамгаалалтын төхөөрөмж, гэрэлтүүлгээс гадна компанийн маркийг ашиглан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны лиценз авах, олгох үйл ажиллагаа буюу franchise болон бизнесийн гэх мэт төрөл бүрийн үзэсгэлэн явагдаж байлаа. Байгууллага компаний төлөөлөгчид шинэ хуучин гэлтгүй хуран цугларсан байлаа. Гадаадаас ч гэсэн ирж оролцож байгаа байгууллагууд олон байв. Үйл ажиллагааны гол зорилго нь өөрт тохирсон түншээ олох явдал юм байна. Үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй http://www.shopbiz.jp/top/index_SB.html?PID=0101 хуудсаас үзэж болох бөгөөд цаг зав байвал өөрийн биеэр очиж үзэхийг зөвлөх байна. Үзэсгэлэнгийн үнэ нь 1500 иен бөгөөд хэрвээ おサイフケータイ-тай бол үнэгүй орж болох юм байна лээ.

Энэ яармагийн тухай миний хамгийн их мэдэрсэн, хэлэхийг хүсч буй зүйл бол, тэр их том арга хэмжээг тийм өндөр түвшинд зохион байгуулж, тийм их зочдыг сэтгэл хангалуун буцаадаг нь Япончуудын нэг том авууштай тал гэж бодож байна. Түүний ард ямар их хүн, ямар их хөрөнгө, ямар их хичээл зүтгэл хариуцлага хөдөлж байгааг хэлэх хэрэггүй биз. Хамгийн сонирхолтой арын алба, танхимд ажилж байгаа хүмүүсийн ихэнх нь цагийн ажилчид, тэр тусмаа оюутнууд ихэнх нь байдаг. Түүний нэг нь би өөрөө бөгөөд, энэхүү том үйл ажиллагаанд гар бие оролцсондоо маш их баяртай байгаагаас гадна, хэзээ нэгэн цагт энэхүү туршлага, сурсан зүйлээ ашиглаад Монголдоо томоохон арга хэмжээ зохион байгуулалцах өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна.