Monday, December 28, 2009

АВАТАР

     Долоо хоногийн өмнө "Оддын дайн", "Харри Поттер" хэмээх кинонуудыг бүрэн үзээгүй, таалдаггүй гэдгээ нэгэн улаан кино фенд хуга шүүмжлүүлсэн юм байна. "Чи ер нь киноны талаар юу мэддэг юм бэ?!" хэмээн ширүүхэн надаас асууж билээ. Би үнэнээ л хэлсэн "Би юу ч мэдэхгүй ээ. Гэхдээ би өөрийн гэсэн вкустай..." л гэж. Харих замдаа бодлоо, "вкус? какой вкус?!"
     "Аватар" хэмээх кино нээлтээ хийж, энэ тэндгүй л үзсэн хүмүүс сэтгэгдлээ бичин, сайныг нь магтсаар. Сурталчилгааг нь хальт харахнээ хүүхэлдэйн кино, жирийн кино хоёрыг нийлүүлээд хаячихсан юм шиг. Хар л даа, миний киноны талаарх мэдлэг нэг иймэрхүү... Зул сарын өдөр найзтайгаа үзэхээр тохирсон боловч тасалбар нь аль хэдийн зарагдаад дуусчихсан байсан тул үзэж чадаагүй юм. Нэг их үзье гэсэн ч хүсэл надад байгаагүй л дээ үнэндээ. Тэрүүхэн тэндээ, "За яахав, ямар үзье гэсэн биш..." хэмээн сэтгэлээ зассан ч үзье хэмээн уриалсан найз маань тун дурамжхан харьж билээ. Ийнхүү дараагийн өдөр нь гэрээсээ цаг гаран явсаар Тачикавагийн кино театрт үзэхээр болсон юм даа.
     3-н хэмжээст кино гэхлээр, Монголд багадаа нүдний шил зүүгээд үзэж байсан "стерео(?)" кино, Дизнэйлэндэд үзэж байсан "Сансрын аян" л санаанд ордог юм. Ямар ч байсан нэмэлт 300 иен төлөн тэрхүү хар шилийг нь "түрээслэдэг" юм байна. Харааны шилэн дээрээсээ түүнийг нь зүүгээд ёстой л дөрвөн нүдэллэн байж "Аватар" киног үзэж эхэллээ.
     Сэтгэгдэл? Нүд цавчихаас ч хайран санагдмаар кино байв. Харамсалтай нь миний дөрвөн нүднээс болсон уу, гурван хэмжээст дүрслэл нь тийм ч сайн санагдсангүй. Хэдэн шавж нисч, үнс будрахаас бусад хэсэг нь өөрөө дотор нь орсон мэт сэтгэл төрүүлсэнгүй. За яах вэ, кино мэддэггүй хүн юу гэж л бол юу гэж хэлэг. Гэвч агуулга нь маш сайн болсон бүтээл болсныг хэлэх хэрэгтэй. Робот болон машин техник хөгжсөн өнөө үед аль хэдийн кинон дээрх шиг аюул нүүрлээд байгаа. Хэн нэгний буруу гараар, буруу удирдлаганд л орох юм бол бүх зүйл л амьдрал дээр биелэнэ гэсэн үг. Хүн эцсийн эцэст байгалийн амьтан, байгалиа л хайрлаж хамгаалахгүй бол хэн ч биш болж дуусна гэдгийг маш сонирхолтойгоор, адал явдалтайгаар мөн харамсалтайгаар харуулсан кино байлаа. Хамт үзсэн нөхдийн хэлснээр бол харь гаригийнхан л гэхээр бөөн техник технологижсон байдаг бол энэ удаад уугуул иргэдийг тодотгон харуулснаараа өвөрмөц шийдэлтэй болсон гэнэ. Миний хувьд бол харин ч яагаад ийм сонин нүүр царайтай, ёстой л харь гаригийнхан хэмээн дүрсэлсэн нь гайхашралтай. Өнөөг хүртэл хийгдэж ирсэн харь гаригийнхантай кинон дээр ч ийнхүү эвгүйгээр дүрсэлдэг. Гэтэл дэлхийгээс гадна өөр гаригуудад амьд бие, нэн ялангуяа бас нэг өөр "хүн" төрөлхтөн оршиж байгаа нь тодорхой бол, яагаад бидэн шиг царайтай хүмүүс байж болохгүй гэж? Хүн гэдэг байнга л "хамгийн шилдэг, сайхан нь" гэсэн ойлголтоосоо тэгж их хазайж чадаагүй ч юм шиг. Гэвч энэ бол зөвхөн дүрслэлийн асуудал. Ямартаа ч хүн төрөлхтөн хэрхэн ухаангүй, болчимгүйгээсээ болж өөрсдийгөө сөнөөж, өөрсдийгөө алдаж болохыг дахин нэг сануулсан, анхааруулсан ач холбогдолтой кино болсныг нуух юун.
     Кино театр луу яарцгаагаарай. Гэвч тасалбараа онлайнаар авсан нь дээр байж мэднэ шүү!!

Sunday, December 27, 2009

Санамсаргүй...

     Өрөөний халаагчийн салхи нь дэндүү хуурай бас халуун байгаад тэр үү, гарч сэрүүн агаар амьсгалмаар санагдав. Байрнаасаа дөнгөж гартал нэг л танил үнэр... Дөнгөж ороод намдсан борооны үнэр, хааяад нэг Улаанбаатарт минь ордог намрын борооны сэнгэнэсэн үнэр... Энэ л намайг дуудаж гэж бодон гэрийнхээ ойр хавиар алхахаар шийдлээ. Борооны шинэхэн дуслуудаар өөрийгөө чимэн гялалзах гудамжны сайхныг гайхан, энэ тэрийг бодон явав. Хамгийн түрүүнд орж ирсэн бодол: өчигдөрхөн үзсэн "Аватар" киноны нэг хэсэг байлаа. Яагаад гэдгийг дараа бичье. Миний бодол цааш үргэлжилсээр. Түүний дараа орж ирсэн бодол: ...
     "Уучлаарай, хөөе, хөөе, нэг юм асуух гэсэн юм..." гэж хэн нэгэн англиар хашхиран миний бодолд саад болсноор сая л нэг бодит ертөнцөд эргэн ирэв. Дөнгөж сая зам дээр зөрсөн охин байх юм. "Ийшээ ийшээ..." гээд л нэг газрын зургаа бариад л дайрдаг юм байна. Төөрсөн бололтой. "Аан. Энүүхэнд би, би заагаад өгье". Англиар ярьсанд гайхсан бололтой том алаг нүдээрээ баахан намайг ширтэж зогссоноо, намайг яагаад англиар ярьдгийг, энд юу хийдгийг, бас өөрөө яагаад энд байгааг, яаж ахтайгаа төөрснөө гэх мэт, асуусныг нь цэгцэлж хариу өгөхийн зав олголгүй дуржганаж гарав. "Тайван тайван, эхнээс нь цэгцтэй..." өөрийн эрхгүй амнаас нь минь гарсан үг.

     Жижигхэн биетэй Ази охин, маш хүчтэй аялагатай Англи хэл, танил ч юм шиг, танихгүй хүнд шууд л ийм илэн далангүй, долоон булчирхайгаа тоочиж байгаа байдал... энэ бүхэн миний сонирхлыг татав. "Би хүргээд өгье" ийнхүү бид хоёрын яриа эхэллээ. Юмыг яаж мэдэх вэ гээд эхэндээ би бага зэрэг болгоомжилсон байдлаар харьцаж байсан ч түүний яриа улам л сонирхолтой болж, үнэн худал яриад байгааг нь сүүлдээ ялгахаа ч болив. Өөрөө Швейцарт амьдардаг, гэвч Австралид ихэнх амьдралаа өнгөрөөсөн(танил аялга гэдэг нь ийм учиртай), энд аавыгаа хайх гэж ирсэн, гэвч аав нь олдохгүй байгаа гэх мэт, миний нүдний өмнө зүгээр л киноны нэг хэсэг зурайв. Хэдхэн алхаад тэр охины байрлаж буй зочид буудалд иртэл өөдөөс ах нь гэсэн нэг залуу тосоод гараад ирэв. Миний даалгавар биелэгдчихсэн байдаг, гэтэл ингээд л явчих хайран байдаг, яриаг нь илүү тодорхой сонсмоор байдаг... Хэдэн хором саатахараа шийдлээ.
     Тэр хоёрын аав ээж нь Швейцар хүмүүс юм гэнэ. Австралид аль аль нь амьдарч байсан болохоор Австрали аялга гэж жигтэйхэн. За тэр ч яах вэ, гол нь яагаад аавыгаа гэнэт хайхаар ирсэн гэдэг нь сонин байлаа. Гэнэт л одоогийнх нь ээж аав нь "аав" чинь Японд байгаа, очиж уулз гээд л зочид буудлаас авахуулаад бүх л нислэг зэргийг нь зохицуулсан юм гэнэ. Японд анх удаагаа ирж байгаа тэр хоёр маань уг нь бол Япон эцэгтэй, хоёулаа Япон нэртэй юм байх: Миёо, Рёо. Яаж ч харсан Япон царай биш ээ, асуулаа. Төрсөн эх нь Филиппин юм гэнэ. Миний толгойнд эргэлдэх тэр олон тасархай зураас арай гэж холбогдох нь тэр. Хоёрдугаар дайны үеэр Японы колон байсан Филиппинд маш олон эрлийз хүүхдүүд, нэн ялангуяа эцэггүй хүүхдүүд төрсөн. Мөн ажлаар очицгоосон Япон эрчүүд тэндээ Филиппин "эхнэр" аван, хүүхэдтэй болгочихоод орхиод ирдэг тохиолдол одоогоороо бий. 新日系人-ий асуудлууд үүнээс л үүдэлтэй. Манай хоёрын хувьд аавыгаа харж байгаагүй, аав нь одоогоор хаана байгаа нь тодорхойгүй гэхийг бодвол энэ тохиолдолд хамрах юм болов уу. Гэвч яагаад Швейцар аав ээжтэй байдаг билээ??? Бас л хоёрдугаар дайны үеэс үүдэлтэй юм болов уу... Дайны үеэр зүүн өмнөд Азид маш олон бүтэн болон хагас өнчин хүүхэд гарч ирсэн. Түүнээс хойш ч энэ үзэгдэл удаан үргэлжилж, тэдгээр хүүхдийг Америк болон Европын өндөр хөгжилтэй улсуудад өргүүлэх бизнес хөгжсөн байдаг. Үүний хамгийн том жишээ бол Солонгосоос Америк болон Европт хүүхэд өргүүлдэг "Холт" гэдэг байгууллага юм. Өмнө нь яг энэ тухай киног үзэж байсан юм байна. Ах нь 21-тэй, дүү нь 16-тай гэдгийг бодох юм бол, энэ бизнесийн оргил үеэс тэгж их зөрөхгүй байгаа юм. Хэдийгээр үнэн эсэхийг нь асууж зүрхлээгүй ч би дотроо ийнхүү бодохоор шийдэв. Нэгэнтээ миний кино зохиол эхэлчихсэн байсан учраас...
     Хэдхэн хоногийн өмнө Японд хөл тавьсан манай хоёр ямартаа ч Япон эмээтэйгээ уулзаад авжээ. Эмээ нь ч гэсэн аавтай нь сураг тасраад удаж байгаа юм гэнэ. Үнэн эсэхийг мэдэхгүй ч, хүүгийнхээ тарьсэн үйлийн үрийг ийнхүү үүрч явж буй хөгшнийг өрөвдөх шиг. "Би таны ач шүү дээ" гээд л нэг л өдөр яс үндэс, арьс өнгө тэс өөр хүүхэд ороод ирвэл ямар санагдах бол. Тэр тусмаа аавыгаа нэхээд... Гэвч хүн гэдэг, хүүхэд гэдэг хүнд байнга баяр баясгалан авчрах жамтай юм хойно, мах цусныхаа тасархай болсон ач нараа хараад, ачтайгаа мэдээд жаахан ч болсон баярласан нь гарцаагүй биз. Нэгэнт амьдралдаа нэг ч удаа уулзаж байгаагүй хүмүүсийг гэртээ байлган, асран халамжлах хэцүү тул, эмээ нь ч тэр хоёрыг гэр орондоо оруулан, сайхнаар хүлээж авч чадаагүй л биз. Манай хоёр ч эмзэглэсэн шинжгүй, эмээтэйгээ уулзсан, "жижигхэн сайхан хөгшин байна лээ" хэмээн хээв нэг зочид буудалдаа буцаж ирж байх юм. Ингээд бодохоор цусан холбоо гэдэг тийм ч бөх эд биш юм шиг ээ. Аавыгаа олж уулзаж чадахгүйдээ ч тэгж их эмзэглэхгүй байгаа мэт, Японд аялах гэж ирсэн аятай л манай хоёр Японы талаар надаас асуун хэл сугалчих шахна. Би байдаг л мэдээллээ өгсөөр нэг мэдсэн цаг гаруй гадаа ярьж зогссон байв. Гадаа хүйтэн байсныг ч хэлэх үү, тэр хоёр намайг өрөөндөө урив. Анх танилцангуутаа л өрөөнд нь орох эвгүйн дээр, юмыг яаж мэдэх вэ хэмээн болгоомжилж эртхэн харих хэрэгтэйгээ хэлэн татгалзлаа. Гэсэн хэдий ч бидний яриа өндөрлөсөнгүй, дахин хагас цаг, тэр хавийн хүмүүсийг гомдоллотол байрандаа ярьж зогсдог юм байна. Маргааш эсвэл нөгөөдөр дахин уулзах боломж байгаа ч би зориуд өөрийнхөө талаар тодорхой зүйл хэлсэнгүй, утас хаягаа ч өгсөнгүй, нэрээ л хэлэн тэр хоёрыг орхин явлаа.
     Хорвоо гэдэг сонин юм. Яагаад заавал өнөөдөр энэ цагт, энэ газраар алхахаар шийдэв. Яагаад ийм сонин содон хүмүүстэй уулзах болов. Яагаад би улам дотно болж, дахин уулзах болзоог тавьсангүй вэ. Ганц удаагийн уулзалтаар насан туршийн андтайгаа учирдаг гэдэг, би энэ хоёрыг яагаад тийм гэж хараагүй вэ. Хэрэв насан туршийн анд маань байсан бол би яах вэ... гэх мэт бодлууд толгойноос гарсангүй. Гэвч миний сэтгэл тэр хоёрыг тэгж мэдрээгүй бол тийм биш юм байлгүй дээ ч гэж бодох шиг... Юу юунаас илүү нэг л зүйл тодорхой бус хэвээр үлдэн, миний сэтгэлийг шаналгана. Энэ хоёрын маань Швейцар аав ээж нь яагаад гэнэт аавтай нь уулзуулахаар, тэр тусмаа ор сураггүй алга болсон хүнийг хайлгахаар Япон руу илгээв? Яагаад заавал зул сар гэдэг гэр бүлийн баяраар хоёулахныг нь явуулах болов?

Saturday, January 24, 2009

Хальт "баяртай мэдээ"


      Хэд хоногийн өмнөөс нэгэн онлайн бизнес тоглоом тоглож эхлээд байгаа. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Лореал компаниас зохион явуулдаг "Estrat" хэмээх олон улсын бизнесийн онлайн тэмцээн л дээ. Дөнгөж сая нэгдүгээр шатны хариу гарсан бөгөөд, манай баг эхний 1700 багийн тоонд багтаж, 2-р шатанд оролцох эрхтэй боллоо. 2-р сарын 9 хүртэл дахиад л баахан тоо ширтэн, анализ хийх хэрэг гарах нь ээ...

      Тэмцээний тухай тайлбарлая.

      Жил бүр 800 гаруй сургуулийн 27000 гаруй оюутан хүчээ үздэг энэ тэмцээнд нэг их сургуульд суралцаж буй 3 оюутан баг бүрдүүлэн оролцох эрхтэй. Мэдээж бакалаврын оюутнууд MBA-д суралцдаг оюутнуудтай өрсөлдөх утгагүй тул, MBA-ынхан бас тусдаа өрсөлдөх болно. Хэн ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцдаг нь огт хамаагүй. Тоглоомын агуулга нь ерөнхийдөө ийм:

        1. 3 оюутан Prima хэмээх гоо сайхны хийсвэр компаний менежэр болох бөгөөд Diva, Bella, ... гэх мэт 5-н хийсвэр компанитай өрсөлдөх болно.

        2. Зах зээл болон бусад төрлийн маш хязгаарлагдсан мэдээллийг боловсруулж, өөрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулат, маркетинг, мөн менежмэнтийг удирдана.

        3. Өөрсдийн гаргасан шийдвэрээ заасан хугацааны дотор тусгай софт ашиглан интернэтээр явуулах болно.

        4. Шүүгчид багуудын шийдвэр дээр үндэслэн Prima компаний SPI-г тооцож, SPI үзүүлэлтээр нь жагсаах болно. Өөрөөр хэлбэл, дээр өгүүлсэн хийсвэр компаниудтай өрсөлдөж байгаа юм шиг боловч, эцсийн шалгаруулалт нь баг бүрийн гаргасан Prima компаний үзүүлэлт дээр үндэслэгдэх юм.

      Тоглоом 1-6, хагас финал, финал гэсэн шатуудтай бөгөөд, SPI үзүүлэлтээрээ эхний байруудад жагссан багууд дараагийн шатуудад хүчээ үзэх эрхийг авна. Явсаар явсаар хагас финалаас шалгарч үлдсэн 16 баг Парист болох эцсийн шатанд оролцох эрхтэй болох юм. 6-р шатаас эхлэн, зөвхөн тоон үзүүлэлт бус, компанийхаа тухай тайлан, илтгэл бэлтгэх хэрэгтэй болох юм байна лээ.

      Манай баг Бүс 7 хэмээх Хятад, Солонгос, Тайван, Хонгконг, Японы багуудтай өрсөлдөх бөгөөд, эхний шатаас нийт 367 баг шалгарсан байна. Парис явахын төлөө эхний 2-т багтахгүй бол болохгүй. Гэтэл манай баг үзүүлэлтээрээ 347-д жагссан байдаг. SPI хэмээх үзүүлэлт маань 1069,2 буюу нэгт жагссан 1188,5 үзүүлэлттэй ЖаоТонгийн ИС-ийн багаас 119,3-аар бага байдаг...

      Манай багийн нэг л гишүүн Эдийн Засгийн Факултетэд сурдаг бөгөөд, нөгөө нь Инженэрийн ангийнх. Би баг бүрдүүлэх гэж баахан хүнээс асууж асууж арай гэж 17-н буюу бүртгүүлэх хамгийн эцсийн өдөр бүрдүүлэн, 19-н буюу эхний шийдвэрээ явуулах нэг хоногийн өмнө хуралдаж, 20-ны 16 цаг 56 мин буюу шийдвэрээ явуулах эцсийн хугацаанаас 4 минутын өмнө шийдвэрээ явуулсан. Арай гэж амжсан даа.

      Ямартаа ч маркетинг, эдийн засгийн талаар дэндүү ядуу мэдлэгтэй миний хувьд болоод л явчихаж байгаа юм л даа. Манай багийн нэг л гишүүн Эдийн Засгийн Факултетэд сурдаг бөгөөд, нөгөө нь Инженэрийн ангийнх. 3-хан хоногийн дотор баахан тоо ширтээ анализ хийж, эцсийн шийдвэрээ гаргасан гэхэд энэ зэрэгтэй байна гэдэг бол маш том урам. Хамгийн гол нь энэ тоглоом жирийн нэг тоглоом биш, жинхэнэ бизнес эрхэлж байгаа юм шиг хариуцлагатай бас сонирхолтой, мөн өгөөжтэй гэж байгаа. Өө тийм, бас 1-р шатаар шалгарч үлдэх юм бол Лореал Жапан компанийн Энтри Шийт буюу хамгийн эхний шалгаруулалтаас чөлөөлөгдөх юм байна лээ. Юм ч сурж аваад, багийнхаа гишүүдтэй ч дотносон, дээрээс нь ажилд ороход бага ч болсон дөхөм болох гэх мэт нэг сумаар баахан л туулай буудчих шиг боллоо. Бас нэг туулайг буудаж болдог ч болоосой.

      Тоглоом болон бусад рефратын өрнүүдээс болоод олигтой бэлдэж чадаагүй ШАЛГАЛТ...


L'Oréal Estrat -ын талаар http://www.estrat.loreal.com/_int/_en/whatis.aspx -ээс

Wednesday, January 21, 2009

Songs of the day



Gekkou(Moonlight) by Chihiro Onizuka



Omona(Oops)by Jang Yoon Jeong

Friday, January 16, 2009

La Belle au bois dormant


Шинэ оны эхэнд тоглолт үздэг уламжлалтай болж байх шиг байна.

Өнгөрсөн долоо хоногт "Токио Балет" чуулгын "Нойрсож буй гүнж(гоо бүсгүй)" бүжгэн жүжгийг үзээд ирлээ. Нэг давхарын нэлээн урд талын суудалд сууж, анх удаа ийм ойрхоноос балет үзэв. Холоос үзвэл тайзыг ерөнхийд нь харж чаддаг ч, урдаас үзвэл бүжигчдийн хөдөлгөөн болон нүүрний хувирал нэг бүрчлэнг харах боломжтой байдаг юм байна.

Энэхүү бүжгэн жүжиг мөн л Чайковскийгийн бүтээл бөгөөд, зохиол нь Францын зохиолч Шарль Перрогийн үлгэрээс эхтэй. Бид бүхний сайн мэдэх диснейн хүүхэлдэй ч гэсэн энэ зохиолоос үүдэлтэй юм. Жүжгийн гол дүр болох Аврора гүнжийн дүрд Ёшиока Мика, Дезире хунтайжийн дүрд Гото Харүо нар, эцэст нь Карабоссын дүрд Владимир Малахов хэмээх "Берлиний Улсын Балет (Staatsballett Berlin)" чуулгын найруулагч, гоцлол бүжигчин урилгаар ирж тоглосон юм. Хэдийгээр гол дүр нь дээрх хоёр Япон бүжигчид байсан ч, Малаховыг үзэгчид хүлээж авч байгаа байдал, түүний жүжиглэлт зэрэг нь эгээтэй л Карабоссыг гол дүр болгочихсонгүй. Аливаа жүжиг, кинонд эсрэг талын дүр томоохон үүрэг гүйцэтгэдэг нь мэдээж. Гэвч энэ удаад, Карабосс хэмээх эсрэг талын дүр гэдгээсээ илүү, Малахов гэдэг бүжигчний ур чадвар нь бүхэл бүтэн 2 цаг гаруй үргэлжилсэн энэхүү балетыг амьлуулах шиг санагдсан.

Карабос(Малахов)

Японы бүжигчдийн тоглолтыг нэг ч удаа үзэж байгаагүй миний хувьд, энэ удаад нэлээн олон зүйлийг ажиглалаа. Бусад спорт, урлаг дээр нийтлэг ажиглагддаг шиг, Япон бүжигчид техникийн хувьд маш өндөр ч, урлагийн мэдрэмж, уян налархай хөдөлгөөн, нүүрний хувирал гэх мэт зүйлс дээр учир дутагдалтай санагдсан. Балет бүжиглэнэ гэдэг амаргүй зүйл, байнга нүүрний хувиралаа хянах хэцүү нь мэдээж. Гэвч байнга үүнийг яаж хийх билээ, үүний дараа юу билээ, алдчих вий хэмээх сэтгэлийн зовиурууд нь нүүрэн дээр нь байнга илрэх нь хайран. Уг зохиолдоо бүрэн орж, амьд хөгжмөө мэдэрч бүжиглэхгүй байгаа нь илт мэдэгдэж байсан нь харамсалтай. Гэтэл Малаховын үйл хөдөлгөөн, нүүрний хувирал нь тэс өөр, тухайн дүрдээ сайн орж, үзэгчдийг ч гэсэн яг л зохиол дотор нь орсон мэт болгож байсан. Аргагүй л урлагийн мэдрэмж гэдэг хичээл зүтгэлээр бус, аяндаа төлөвшдөг эд юм байна гэдгийг дахин мэдэрсэн дээ. Украйнд төрж, Москвад балетэд суралцсан түүний хувьд барууны боловсрол, урлагийн их хаалга нээлттэй байсан нь Япончуудаас ялгарах нэг том шалтгаан нь биз.


Монголын балет урлагийг бодож үзлээ. Япон болон бусад Азийн орнуудаас илүү баруунжсан манай улсын хувьд балет болон бусад сонгодог урлаг маш сайн хөгжиж чадсан. Монголд үзэж байсан бүжгэн жүжиг, дууриуд энд үзсэн тоглолтуудтай эн зэргэцэх, эсвэл илүү гардаг шиг санагдсан. Харамсалтай нь одоогийн Монгол залуучууд сонгодог урлаг сонирхох нь түгээмэл бус болж, энэ салбар руу хөрөнгө оруулалт ч багасаж байгаа юм шиг. Ийм өндөр түвшинд хөгжиж, суурь нь тавигдсан урлагаа хадгалан үлдэж, цаашид улам хөгжүүлэхгүй бол дэндүү хайран сан... Японд хүмүүс маш их хөрөнгө мөнгө заран байж сонгодог урлаг гэдэг зүйлийг мэдэрч, "элит" хэмээх давхаргад орохыг зорьдог бол Монголд хэн бүхэн хүссэн үедээ энэхүү сонгодог урлагийг мэдэрч болох. Ийм сайхан боломжийг бид алдах ёсгүй. Хэдий Монголын түүхэнд Оросуудын үлдээсэн хар толбо том ч, тэднээс үлдээсэн агуу их сонгодог урлагийг ч тодорхой хэмжээнд үнэлэх ёстой болов уу.


Нэлээн сэдвээсээ хазайх шиг боллоо. Хэрэв дээрх болон бусад балет, дуурь үзэх хүсэлтэй бол http://www.thetokyoballet.com/schedule/ болон Токиогийн Соёлын Төв -ын веб хуудас руу ороод үзээрэй. Оюутны хөнгөлөлт байдаг юм байна лээ. Нэлээн хямдардаг юм гэсэн. Би ч гэсэн үлдсэн нэг жилийнхээ хугацаанд зав л гарвал үзээд байдаг хэрэг ээ...

Monday, January 12, 2009

7 жилийн өмнөх би


Бас л компьютер доторхоо янзалж байгаад ийм нэгэн зүйл оллоо. 9-р ангид байхдаа тавьж байсан илтгэл шиг байна. Ид илтгэл, мэтгэлцээн гэж явдаг байсан үе. Хэдийгээр агуулга нь мундаг, баялаг биш ч хэрэглэж байгаа үг, илтгэлийн хэлбэр зэрэг нь өвөрмөц, хүчтэй байж. Одоо лав ийм илтгэл тавьж чадахгүй дэг... Ямартаа ч гараас олигтой юм нэг ч гарахгүй байгаа үед үүнийг уншиж, өөрийгөө жаахан шахахгүй бол...


Их нүүдлийн эргэн тойрон,шалтгаан
Бүтэц:
А. Оршил
Б. Их нүүдлийн 3 шалтгаан
В. Их нүүдлийг зогсоох шаардлагатай юу?

А ............Хөдөөнөөс хот орох алтан шаргал замаар ачааны тэргүүд тоос татуулан давхина.Ачсан зүйлийг нь ажваас гурил будаа биш дэг ээ.Байз байз!!Тооно,унь,гэрийн хаалга.........Гэрээ нүүлгэж байх шив дээ.Бас араас нь малаа туугаад явж байна.Өнөөх дэлхийд зартай Нүүдлийн Мал Аж Ахуй эрхэлсэн Монголчууд чинь жинхэнэ л хөдөөнөөс хотод их нүүдэл гээчийг хийж байна даа.Үүний шалтгааныг шинжилж үзье!!
Б Ⅰ Байгаль биднийг өршөөхгүй.
Шинжлэх ухааны хөгжил дэвшил бидэнд сайныг хэдий авчирч байгаа ч байгалийг судалж ашигласныхаа хариуг бид авч байна.Агаарын бохирдол,хог хаягдал,химийн бодис зэрэг нь озоны давхаргыг цоолж,амьтны төрөл зүйл устах,ой мод цөөрөх зэрэг нь байгалийн тэнцвэрийг алдагдуулж байна.Үүнээс үүдэн дэлхийн цаг агаар огцом өөрчлөгдөх болж.Ялангуяа Монголд зун нь ган,өвөл нь зуд болоод л.Муу малчид маань хичнээн хичээгээд ч байгалийг дийлэхгүй нь.Мал гэдэг зундаа тарга тэвээргээ авч,өвөлдөө өнтэй орж малчин эзэндээ ашиг шимээ өгдөг амьтан.Гэтэл зун нь уух ус,зулгаах өвсгүй хэрхэн тарга тэвээргээ авах вэ?Ингээд л өвөл болно доо.Өнөөх туранхай эцэнхий мал маань нэг хүчтэй шуурганаар л нам болоод өгнө.
.........Малчид бодож байна. «Суусан цэцнээс явсан тэнэг нь дээр» гэж ардынхаа зүйр үгийг ч нэгэнтээ тунгаана. «Уг нь ч хэдэн малаа хот орж зараад,суурийн бараадаж амьдарвал зүгээр юм сан.» Ингээд л гэрээ ачна даа.
Ⅱ Амьдралын түвшин муу.
Хот хөдөөгийн амьдрал тэс өөр.Арга ч үгүй дээ.Хоорондох зай нь ч хол,харилцаа холбооны хөгжлийг нь ч харьцуулах аргагүй хот хөдөө хоёрын зах зээл гэдэг асар ялгаатай.Улаанбаатар,Дархан,Эрдэнэт гэх мэт хот суурингуудын зах зээл хөдөөтэй харьцуулахад хэтэрхий том зах зээл.Наад зах нь барааны үнэ ханш хоёр өөр.Тэр болгон хот ороод байх боломжгүй хөдөөний малчид хот хөдөөг холбосон овсгоотой наймаачдын гараас аргагүйн эрхэнд үнэтэй хямд гэлгүй юм худалдан авч хэрэгцээгээ хангана.Үнэн хэрэгтээ наймаачдын буруу гэж юу байхав.Хөөрхий тэд замын зардлаа нөхөх,дээрээс нь хөөрхөөн ашиг олох санаатай л хөдөөгийнхнийгээ маллаж явна.
Тэгвэл одоо хот хөдөөгийнхний амьдралын түвшинг харъя.
Vндэсний Статистикийн Газар, «Өрхийн орлого зарлагын судалгаа»2002 оныⅡ улирлын дүнгээс үзвэл хөдөөгийн нийт өрхийн дунджаар нэг өрхийн цалингийн хэмжээ 3286.2 төгрөг,нийслэл Улаанбаатар хотын дундаж нь 66685.8 төгрөг байна.Тэтгэврийн хувьд хөдөөд 8339 төгрөг бол хотод 13737.9 төгрөг байгааюм байна. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ?Хөдөө цалин тэтгэвэр бага байгаа нь амьдралын түвшин ,хангалуун амьдрах бололцоо харьцангуй бага гэдгийг харуулж байна.Иймээс ч хөдөөгийнхэн хот руу тэмүүлэх нь аргагүй биз.Өөр хөдөө хот хоёр өөр юугаараа ялгаатай байж болох вэ?Ингээд дараагийн жишээнд шилжье.
Ⅲ Соёлоос хоцорч байна
Манайхан хөдөөгийнхэн гэхлээр уншиж бичиж чадахгүй,соёлоос хоцрогдсон ёстой л нэг хөмөрсөн тогоон дох амьдралтай хуучин хүүг төсөөлдөг.Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм.Хуучин социализмийн үед бичиг мэдэхгүй хүн гэж үгүй,аймаг сум болгон өөрийн гэсэн соёлын ордон,клубтай байсан гэнэ.Гэтэл өнөөдөр энэ бүхнийг нь хувьчилж,улсын мэдлээс гарсан тул анхаарах хүн ч байхаа больж.Мэдээж нутгийн ард энэ бүхнээ сэргээхийг хүсдэг л байлгүй.Өөдөөс нь хэлдэг ганцхан үг,энэ бол «Хөрөнгө мөнгөний боломж байхгүй» Гэхдээ ингэлээ гээд тэд соёлоос хоцорсонгүй.Орон нутагт ном хэвлэлийн захиалга,телевиз радио,интернет хүртэл байгаа юм чинь.Гэтэл энэ бүхэн бас л цаг хугацаанаасаа хоцорч очдог,зарим талаас шаардлага хангахгүй байх тохиолдол ч байдаг.Энэ бүхнийг алхам тутамдаа мэдэрч буй хөдөөнийхний хот орж суух бодол нь улам л хүчтэй болж байх шиг байна.
В Их нүүдлийг зогсоох шаардлагатай юу?
Чиглэл: нотлох(шаардлагатай)
Бүтэц: а Нотолгоонууд
б Дүгнэлт
а
1. Малаа яах вэ?
Малчдын нүүдэл хот газар луу чиглэсээр...........Гэтэл малаа тэд яах юм бэ?Уламжлалт мал аж ахуй маань хэрхэх бол?
Манай улсын эдийн засгийн үндэс нь экспорт,импортын бүтээгдэхүүн. Экспортын барааны 78.6%,Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 90гаруй хувийг Мал Аж Ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд эзэлдэг юм байна.Ингэхлээр ихэнх малчид маань хот газар ирж суурьшихаар энэ эдийн засаг маань уналаа гэсэн үг.За яахав малтайгаа суурин бараадаад малаа маллаад байя гэж бодъё.Гэтэл малаа бид хаана бэлчээх вэ?Хот газрын бохирдсон агаарт байгаа малнаас хэрхэн ашиг шим авах вэ?Бодъё.
2. Хот тохижилтод сөрөг нөлөөтэй
Хөдөөнөөс орж ирсэн малчид ирээд хаана амьдрах вэ?Гэрээ нүүлгээд ирсэн юм чинь гэртээ л суух байх.Ингээд л гэр хороололд тавтай морил.Өнөөдөр гэр хороололд айлууд шигүү суурьшиж байна.Тэднээс үүдэх хохирол гэвэл зөндөө.Гал түлж гаргаж байгаа утаа нь ойр орчноо бохирдуулж,хордуулж байна.Өвлийн улирал бол бүр ярилтгүй.Нүүрс шатаахыг нь яана!Дээрээс нь хогоо ил задгай хаяна.Хог нь хийсэн хийссээр зөвхөн Монголд л болдог өнөөх гайхал «Хогон шуурга» нь болно доо.За эдгээрийг дурдахгүй байя гэхээр бас зөндөө юм бий.Зарим гэр хорооллын хүүхдүүд бүлэглэн танхайрч явах нь олонтаа.Нэг нэгнийгээ «Атаман»-аараа дуудалцаж,элдэв хэрэг өдөөн ирээдүйн гэмт хэрэгтнүүдийг бэлтгэнэ дээ.Энэ бүхний эх сурвалж нь би өөрөө,өөрөө энэ бүхний дунд амьдардаг тул ярих зүйл их байна.Гэвч цааш яривал хүний толгой өвдөнө.Гүйцээ.
3. Ядуурал
Хөдөөнөөс ирсэн малчид ирээд хийх ажилгүй.Хэдэн малаа зараад өнөө маргаашаа болгоно.Гэтэл хотын бид нартаа олдохгүй байгаа ажил хөдөөнийхэнд хэрхэн олдох вэ.Ингээд л ажилгүйчүүдийн тоо нэмэгдэнэ.Ажилгүйдэл гэдэг бол ядуурлын үндэс.Ажилгүйчүүдийн овсгоотой нэг нь хар бор ажил хайж амь зууна.Харин олхиогүй хэд нь архи ууж элдвийг үйлдэнэ.Бас л архичдын тоо нэмэгдлээ.Энэ мэтээр хөдөөгийн малчид байна их нүүдлээ хийсээр л байвал удахгүй Монгол улс маань ажилгүйчүүдийн эх орон болж хамгийн ядуу орон болох нь ээ.
б
Дээрх нотолгоонуудаас үзвэл их нүүдэл гэгч манай улсад ямар их хохирол учруулах нь ойлгомжтой боллоо.Дээрээс нь манайх чинь хот суурин цөөтэй.Гэтэл манай улсын нийт хүн амын тал шахам хувь нь малчин гэж албан ёсны статик бүртгэлээр бичжээ.Тэр их малчид хэдхэн хот сууринд маань ирээд суурьшчихвал даац хэтэрсэн хэрэг болно.Энэ мэтчилэн хохирол их гарна.Гэтэл бид чинь хот газар луу хошуурч хэдэн малаа үгүй хийж амьдраад л.......Үүнийг шийдэх арга байхгүй гэж үү.Би л хувьдаа Мянганы замыг ихээхэн дэмжиж байна.Дэд бүтэц сайжирвал хүмүүс маань заавал хотод суурьшихгүйгээр бүх юмтайгаа холбогдож,малаа маллаад байж болно.Замаа дагаад суурингууд байгуулагдах нь гарцаагүй.Ингээд хөгжил рүүгээ алхаад марш!
............Хөдөөнөөс хот орох алтан шаргал замаар ачааны тэргүүд тоос татуулан давхина.Мянганы зам ч их үр дүнгээ өгч дээ.Хэдхэн цаг давхиад л хот орно.Гэхдээ хүлээ.Дахиад гэрээ нүүлгээгүй байгаа даа.................Энэ удаа ч үгүй байнаа.Малаасаа авсан ноос шир,бүтээгдэхүүнээ аччихаж.Хотод очиж борлуулаад хэдэн төгрөгөөрөө гурил будаагаа авах гэж байгаа биз...Хажуугаар нь бас нэг машин давхиад өнгөрлөө.Бас л гэрээ ачсан байна.Үгүй л баймаар юм...........Гэхдээ энэ удаад эсрэг чиглэл рүү.Хүмүүс хотоос хөдөөд их нүүдэл хийж байна.
Аяны алтан шаргал зам тань өлзийтэй байх болтугай.


Ашигласан материал
1. Нийгмийн тухай мэдлэг(Схемт тайлбар) 1999 он С.Амаржаргал
Ц.Хурцбилэг
2.
http://www.lib.meiji.ac.jp/serials/kiyou/no2/Eshino Байгаль хамгааллын тухай семинар
3.
http://nso.mn/ Монголын Үндэсний Статистикийн газар
4.
http://www.mongolmedia.com/baabar Б.Баабарын хувийн веб хуудас
5.
http://www.amarjargal.org/ Монгол улсын ерөнхий сайд асан
Р.Амаржаргалын хувийн веб хуудас


2002-11-17
93-р сургууль 9-б анги
Ж.Болдмаа