Долоо хоногийн өмнө "Оддын дайн", "Харри Поттер" хэмээх кинонуудыг бүрэн үзээгүй, таалдаггүй гэдгээ нэгэн улаан кино фенд хуга шүүмжлүүлсэн юм байна. "Чи ер нь киноны талаар юу мэддэг юм бэ?!" хэмээн ширүүхэн надаас асууж билээ. Би үнэнээ л хэлсэн "Би юу ч мэдэхгүй ээ. Гэхдээ би өөрийн гэсэн вкустай..." л гэж. Харих замдаа бодлоо, "вкус? какой вкус?!"
"Аватар" хэмээх кино нээлтээ хийж, энэ тэндгүй л үзсэн хүмүүс сэтгэгдлээ бичин, сайныг нь магтсаар. Сурталчилгааг нь хальт харахнээ хүүхэлдэйн кино, жирийн кино хоёрыг нийлүүлээд хаячихсан юм шиг. Хар л даа, миний киноны талаарх мэдлэг нэг иймэрхүү... Зул сарын өдөр найзтайгаа үзэхээр тохирсон боловч тасалбар нь аль хэдийн зарагдаад дуусчихсан байсан тул үзэж чадаагүй юм. Нэг их үзье гэсэн ч хүсэл надад байгаагүй л дээ үнэндээ. Тэрүүхэн тэндээ, "За яахав, ямар үзье гэсэн биш..." хэмээн сэтгэлээ зассан ч үзье хэмээн уриалсан найз маань тун дурамжхан харьж билээ. Ийнхүү дараагийн өдөр нь гэрээсээ цаг гаран явсаар Тачикавагийн кино театрт үзэхээр болсон юм даа.
3-н хэмжээст кино гэхлээр, Монголд багадаа нүдний шил зүүгээд үзэж байсан "стерео(?)" кино, Дизнэйлэндэд үзэж байсан "Сансрын аян" л санаанд ордог юм. Ямар ч байсан нэмэлт 300 иен төлөн тэрхүү хар шилийг нь "түрээслэдэг" юм байна. Харааны шилэн дээрээсээ түүнийг нь зүүгээд ёстой л дөрвөн нүдэллэн байж "Аватар" киног үзэж эхэллээ.
Сэтгэгдэл? Нүд цавчихаас ч хайран санагдмаар кино байв. Харамсалтай нь миний дөрвөн нүднээс болсон уу, гурван хэмжээст дүрслэл нь тийм ч сайн санагдсангүй. Хэдэн шавж нисч, үнс будрахаас бусад хэсэг нь өөрөө дотор нь орсон мэт сэтгэл төрүүлсэнгүй. За яах вэ, кино мэддэггүй хүн юу гэж л бол юу гэж хэлэг. Гэвч агуулга нь маш сайн болсон бүтээл болсныг хэлэх хэрэгтэй. Робот болон машин техник хөгжсөн өнөө үед аль хэдийн кинон дээрх шиг аюул нүүрлээд байгаа. Хэн нэгний буруу гараар, буруу удирдлаганд л орох юм бол бүх зүйл л амьдрал дээр биелэнэ гэсэн үг. Хүн эцсийн эцэст байгалийн амьтан, байгалиа л хайрлаж хамгаалахгүй бол хэн ч биш болж дуусна гэдгийг маш сонирхолтойгоор, адал явдалтайгаар мөн харамсалтайгаар харуулсан кино байлаа. Хамт үзсэн нөхдийн хэлснээр бол харь гаригийнхан л гэхээр бөөн техник технологижсон байдаг бол энэ удаад уугуул иргэдийг тодотгон харуулснаараа өвөрмөц шийдэлтэй болсон гэнэ. Миний хувьд бол харин ч яагаад ийм сонин нүүр царайтай, ёстой л харь гаригийнхан хэмээн дүрсэлсэн нь гайхашралтай. Өнөөг хүртэл хийгдэж ирсэн харь гаригийнхантай кинон дээр ч ийнхүү эвгүйгээр дүрсэлдэг. Гэтэл дэлхийгээс гадна өөр гаригуудад амьд бие, нэн ялангуяа бас нэг өөр "хүн" төрөлхтөн оршиж байгаа нь тодорхой бол, яагаад бидэн шиг царайтай хүмүүс байж болохгүй гэж? Хүн гэдэг байнга л "хамгийн шилдэг, сайхан нь" гэсэн ойлголтоосоо тэгж их хазайж чадаагүй ч юм шиг. Гэвч энэ бол зөвхөн дүрслэлийн асуудал. Ямартаа ч хүн төрөлхтөн хэрхэн ухаангүй, болчимгүйгээсээ болж өөрсдийгөө сөнөөж, өөрсдийгөө алдаж болохыг дахин нэг сануулсан, анхааруулсан ач холбогдолтой кино болсныг нуух юун.
Кино театр луу яарцгаагаарай. Гэвч тасалбараа онлайнаар авсан нь дээр байж мэднэ шүү!!
1 comment:
Таалагдсан бол Distritc 9 үзээрэй.
Post a Comment