Чаг чаг... хэмээн цагийн зүү намайг тэвдүүлнэ. Юунд юм бүү мэд, ямартаа ч ямар нэгэн зүйл ойртож буй нь мэдэгдэнэ. Айсуй айсуй, түг түг,,,
Гараа сунган шүүгээнийхээ хоёр дох нүдийг татлаа. Дээр доороо овоорсон баахан зураг. Ямар ч цэгцгүй юм бэ дээ.
Хаалганы бариулаас өлгөсөн шүхрийн зураг. Юу нь сайхан гэж авсан нь тодорхойгүй. Гэхдээ нэг л гунигтай.
Хэн нэгний асаасан тамхи,,, үнсний саван дээр бөөрөөрөө хажуулдсан байдал нь бас... маягтай. Зургийг нь авч мөнхөлөөгүй бол энэ чигээрээ харамсалтайгаар шатаж дуусах байсан биз. Гэвч хэний тамхи вэ гэдэг нь сонирхол татна.
Далайн эрэг дээр тоглох аав хүү хоёр. Бүрхэг тэнгэр, зузаан үүлний араас байдаг чадлаараа төөнөхийг хичээх нар. Цаанаа л гунигтай энэ зураг, бас ирээдүйтэй.
Зураг болгон өөр өөрийн гэсэн түүхтэй. Тэд агшин хормыг мөнхөлнө. Тиймээс би зураг авах дуртай. Үнэхээр ямар ч агшныг мөнхөлж чадна шүү. Хэн, хэзээ, хаана мөн хэрхэн... Энэ бүх асуултыг тэднээс асуу, тэд хариулна. Тэд худлаа хэлнэ гэж үгүй, хэрэв би л үнэнч байвал. Заримдаа хэтэрхий шудрага, хэтэрхий шулуун, гагцхүү тэдгээр нь л намайг зовооно. Тиймээс би зураг авах бас дургүй...
Чшшшш, чимээгүй. Өнөөх цаг чинь дуугарч эхэллээ. Өглөө айсуй...