Thursday, October 26, 2006

Анхны блог

Блог бичье дээ гэж бодож бодож өнөөдөр арай гэж нэг юм бичиж байгаа минь энэ. Манай Зоригт сэнпай-н хэлдгээр өнгөрсөн бүх зүйлүүдээ мартахгүйн тулд блог бичих их хэрэгтэй юм шиг. Гэхдээ өдрийн тэмдэглэлээс ялгаатай нь миний бичсэн зүйлийг бусад хүмүүс уншина гэж байгаа. Нэг бодлын найруулга болон агуулга сайтай, эмх цэгцтэй өгүүлбэр бичиж сурахад тустай гэж. За ер нь олон зүйл нуршилгүй блогоо эхлүүлье дээ.
Токиод ирээд 7-н сар болжээ. Цаг хугацаа харвасан сум мэт. Эндхийн амьдралдаа аль хэдийн дасчихаж. Ийш тийшээ явж байгаад ирэхлээр "Ёх..." гээд л сэтгэл амардаг сан. Токио их чимээ шуугиантай, өртөг өндөртэй гэх мэтчилэн их "ад үзэгддэг" л дээ. Гэхдээ өртгийн хувьд тийм ч их зөрөөгүй, харин ч хувцас хунар нь харьцангуй хямд гээч. Чимээ шуугианы хувьд надад лав ядаргаатай санагддаггүй ээ. Харин ч байнга энергээр буцалж байдаг, эрч хүчтэй сайхан газар. Ийм л газар амьдарч байж ихийг хийж бүтээж чадах юм шиг санагддаг юм. Хүн хүний зан чанараас шалтгаална л даа. Би өөрөө ч их "дуу чимээтэй"-г хэлэх үү, дуу чимээтэй газар байж л сая нэг санаа амардаг болохоор. Магадгүй их ганцаардмал хүн юм байлгүй дээ...
Ер нь ингээд бичээд байвал бичээд байх юм шиг байна. Харин хэр удаан блогоо үргэлжлүүлж чадах бол доо. Харж л байя.

No comments: