Thursday, June 14, 2007

Ажил хийвэл ам тосдоно

Бас л блогоо бичээгүй удчихлаа. Бүхэл бүтэн 3-н сар. Ойрдоо ВИМО-д хэтэрхий идэвхтэй бичлэг хийж байгаа болохоор эндээ бичих зүйл олдохоо больж байх шиг байна. Гэхдээ өдөр тутмын амьдралаа бус өөр зүйл бичнэ гэсэн амлалтын дагуу энэ удаад ч гэсэн цагийн ажлын талаар бичье гэж бодлоо.

Хамгийн анхны арбаит

Хэддүгээр ангид байсан юм бол доо, бодвол 5 юм уу 6-р анги л байсан байх. Ид Япон ном унших хоббитой, байнга л Япон ном уншиж, хүүхэлдэйн кино үздэг байсан юм. Яг тэр үед МХО(Монголын Хүүхдийн Ордон)-д нэгэн арбаит байдгийг мэдэж авлаа. Ордонд ирсэн Япон зурагтай номнуудыг орчуулах ажил. Нэг ном орчуулаад 1000 төгрөг билүү дээ авч байсан шиг санаж байна. Номны агуулга нь тийм ч хэцүү байгаагүй тул шуналтаад 5, 10-р нь авч харьдаг байж билээ. Тэгээд л гэртээ ирээд нэг бүрчлэн компьютер дээр шивээд хэвлэж гаргаад номон дээр нь наадаг байсан сан. Манай ангийн хүүхдүүд ч гэсэн хамтдаа энэ ажлыг хийгээд, бүгдээрээ анх удаа өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөө атгаж үзэж байсан юм. Энэ ажилдаа урамшаад сургуульдаа ирсэн Япон комиксуудын нэрсийг ч гэсэн орчуулж өгч байсан юм. Мэдээж энэ удаад бол үнэгүй л дээ. Бодоод байхнээ энэ үеэс л мөнгөний амтыг мэдэрч эхэлж. Өөрийн гэсэн мөнгөтэй байхын сайхныг болон тэр мөнгийг олохын тулд хөдөлмөрлөх ёстойг сурч авсан даа.

Манайхан "Шунал ихдвэл шулам болно" гэцгээдэг. Гэхдээ хүн мөнгөний амтыг мэдэрч авахгүй бол, их бага тодорхой хэмжээний шуналтай байхгүй бол амжилтанд хүрэх, өөдөө дэвших хүсэл төрдөггүй юм шиг санагддаг. Нэг удаа хүн тансаглаад үзчихсэн байхад, дахиад тансаглахыг хүснэ. Тэр тансаг хэрэглээг нөхөхийн тулд мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг олохын тулд гар хөдөлгөх хэрэгтэй. Ингээд бодохоор хүн гэдэг энгийн амьтан шүү. Өөрийнхөө хэрэгцээг хангахын тулд хөлсөө урсгаж, хөлсөө урсгасныхаа шагналд хүссэнээ худалдан авч, тэр зардлаа нөхөх гэж дахин хөлсөө урсгаад...

Мөнгө мөнгө гээд яасан мөнгөсөг охин бэ гэж бодож магад. Гэвч өнөөдөр мөнгөний хүний амьдралд эзлэх байр суурийг үгүйсгээд ямар ч хэрэггүй юм шиг санагддаг. Мэдээж хүнд сэтгэл, хайр халамж бүгд хэрэгтэй. Түүнийг үгүйсгэсэнгүй. Гэхдээ л хэн нэгнийг мөнгөнд дуртай ч гэх юм уу, эсвэл мөнгөтэй хүний араас гүйлээ, мөнгөнөөс болж намайг хаялаа гэх мэтээр ярих нь одоо үед дэндүү хоцрогдсон юм шиг санагддаг.

2 comments:

Unknown said...

Хөөх багахан шуналын тулам маань нэлээд эртнээс ажиллаж байжээ. Хичээгээрэй хөө. "Гар хөдөлбөл ам тосдоно" гэдэг үг "Шунал ихдвэл шулам болно" гэдгийн эсрэг утгыг агуулдаг юм шиг ээ. Тиймээс ажиллаад байж дээ.

TsOlmOn said...

Зүтгэж олсон юм болгон л амттай шдээ. Чадаж байгаа юманд арга байхгүй гэж би лав боддог.Өнгө, мөнгө 2 хоюулаа л бидэнд байх ёстой хүчтэй хэрэгсэл, аль аль эерэг сөрөг талтай. Гол энэ хэрэглуудийг хэрхэн ашиглахаас л үр дүн нь янз янз- өнгөний гоё зохицол, хөдөлмөрөөрөө зүтгэж олох мөнгө хүний амьдралд байх ёстой салшгүй нэг хэсэг шд,тэ.