Хаврын Баяр 2008 дууссанаас хойш өөрийнхөө амьдралын хэмнэлд эргэж орох гэж их оролдож байна. Нэг л болж өгдөггүй ээ. Нэг сайхан тухтай суугаад бодож цэгцлэх хэрэгтэй юм шиг. Өдөр болгоны жижиг сажиг ажлуудаа бүгдэнг нь хойш тавиад тухтайхан шиг суухгүй бол. Шинэ байрандаа нүүж ирээд нэг л төвхнөж өгөхгүй нэг хэсэг бас баахан сандарсан. Одоо л нэг хүн амьдардаг юм шиг болж байна даа. Тэгж байгаад гэртээ нэг тухтай кино үзнэ ээ.
Өнөөдөр нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхөөр Монгол Таунд очлоо. Rough Dessin (http://r-sns.com/) гэдэг ВИМО шиг сайт байдаг юм байна. Тэндээс гаргадаг сэтгүүл бөгөөд, бүх нийтлэл болон эхийг нь оюутнууд бэлтгэдэг юм байна. Өнөөдөр ирсэн зурагчин нь ч гэсэн 2-р курсын оюутан гэнэ. Ярилцлага маань Азийн соёлыг танилцуулах буланд гарах бөгөөд, өөрийн дуртай Монгол хоолны газраа очоод, Монгол хоол танилцуулах ёстой байлаа. Монгол Тауны маань хоол Монголоос ирсэн бид хэдэд хамгийн ойрхон, хамгийн амттай хоол болохоор сонгосон юм л даа. Яг л гэртээ байгаа юм шиг байдаг болохоор их сайхан. Өлзий эгчдээ баярлаж явдаг шүү. За тэгээд хоолоо захиалаад л тайлбарлаж гарлаа. Захиалсан хоол маань бууз хуушуур, шарсан хавирга, нийслэл салат. Сурвалжлагч оюутан маань асууж байна. " Энэ хоолыг ямар үед иддэг вэ?"
Бодоод байсан чинь бууз хуушуур, нийслэл салатыг гэрт бол зочноо дайлах, эсвэл баярын үеэр хийдэг хэрнээ гадуур бол зүгээр л түргэн хоол шиг л иддэг. Ямарсайндаа л онигоон дээр хуушуур бууз гарч ирэх вэ дээ, нэн ялангуяа оюутны талаарх онигоон дээр. Сонин байгаа биз, гэрт бол хүндэтгэлийн зоог, гадуур бол түргэн хоол... Би эргээд асуулаа. "Японд ийм хоол бий юу ?"
Өнөө хоёр маань хариулж мэдсэнгүй. Түргэн хоол гэвэл ч "онигири" бий л дээ. Гэхдээ зочноо онигиригээр дайлдаггүй нь лавтай. За ямартаа ч өмнө нь бодож үзээгүй зүйлээ бодоод авлаа.
Хоолоо танилцуулж дуусаад миний талаар болон, оюутны холбооны маань талаар асуув. Өө ёстой ярьж өгсөн дөө. Хаврын Баяраа ингэж хийлээ, одоо ийм ажил төлөвлөөд хэрэгжүүлж байна гээд л. Сэтгүүлийг маань олон оюутан залуус уншаасай. Тэгээд бидэнтэй нэгдээсэй.
Сүүлийн үед оройдоо заавал хөгжим сонсож байж унтдаг болоод байгаа. Өмнө нь огт мэддэггүй байсан хамтлаг дуучны бүтээлүүдийг санамсаргүй байдлаар олж сонсоод, түүндээ дуртай болоод л... Өнөөдрийн хувьд Fishmans гээд намайг төрсөн жил байгуулагдсан нэгэн хамтлагийн дуунуудыг сонсож баяслаа. Нойр ч хүрж байна.
Юутай ч тэдний "いかれた baby" гэдэг дууг нь толилуулъя.