Tuesday, January 26, 2010

Санамсаргүй биш санаатай байх аа...

      Саяхан санамсаргүй тохиолдлоор нэгэн охинтой танилцсан талаар бичсэн. Гэтэл энэ "санамсаргүй" гэдэг этгээд надаас салахаа болилоо. Яавч санаандгүй байж таарахгүй, лав санаатай байх аа...
      "Үхэр сүх далайтал амар", гэгчээр хэдэн реферат, курсын ажил зэргээс салаад одоо улирлын эцсийн шалгалт хүртэл хэдэн хоног үлдээд байна. Хэд хоног хэтэрхий ачаалалтай байгаад ядарсан уу, эсвэл залхуурсан уу, өнөө маргаашдаа шалгалтандаа бэлдэх хүсэл алга шив. Энэ маягаар бас нэгэн "галзуу" долоо хоног үргэлжлэх байлгүй.


"Санамсаргүй" 1
      За тэгээд онцсайн "ажилласан" өөрийгөө мялааж байгаа юм гээд аятайхан газар хоол идье гэж бодоод сургуулиасаа гарлаа. Хаашаа орохоо шийдэж ядаж байтал нэгэн найзаас маань ойрхон явж байна гэсэн мессэж ирдэг юм байна. Даруй уулзахаар шийдлээ. Сайхан хоол идэн, ярьж хөөрөөд салцгаалаа. Найзаасаа салаад би буудал руу буцаж явлаа л даа.

"Санамсаргүй " 2
      Замын эсрэг талд "Communications Museum" гэж томоос том бичсэн нэгэн барилга байв. Сайн ажиглавал NTT хэмээх Японы цахилгаан холбоо, сүлжээ мэдээллийн хамгийн том компаний лого харагдана. Ямартаа ч зам гаран, ямархуу үзэсгэлэн юм бол хэмээн сонжив. Гэтэл хаалганы хажууд нэгэн плакат, түүн дээр нь нэг л танил зураг харагдах нь тэр.      


                        

      ... "юу билээ?" санаж өгдөггүй. Саяхан нэгэн бяцхан сурагчдаа уншиж өглүү, эсвэл багадаа ч уншиж байлуу, бүр үгүй Осакад хэлний бэлтгэлд байхдаа заалгалуу, гэх мэтээр тодорхой санаж чадахгүй байгаадаа бухимдан орж үзэхээр шийдлээ. Хачирхалтай нь тэр үзэсгэлэнгийн тасалбар нь ердөө 110-н л иен байв. "Ай даа, ямар л юм бол доо..."
      Такихира Жиро, бар зураг болон цаасан хайчилбараас гадна хүүхдийн зурагтай номны зохиолч хүн. Түүний дурсгалд зориулсан үзэсгэлэн байв. Өнөөх зураг маань "モチモチの木" ( http://www.amazon.co.jp/%E3%83%A2%E3%83%81%E3%83%A2%E3%83%81%E3%81%AE%E6%9C%A8-%E5%89%B5%E4%BD%9C%E7%B5%B5%E6%9C%AC-6-%E6%96%8E%E8%97%A4-%E9%9A%86%E4%BB%8B/dp/426590906X ) гэсэн миний бага сургуулийн сурах бичгэн дээр гарч ирсэн үлгэрийнх байв. Хөдөө өвөөтэйгээ хоёулханаа аж төрөх бяцхан хүүгийн талаар, хэрхэн өвөөгөө аврахын тулд зоригтой алхам хийдэг талаар маш энгийн бөгөөд сайхнаар өгүүлсэн үлгэр байдаг юм. Миний үүнд дуртай гэж жигтэйхэн, өвөө болон хүүгийн тус тусын хоолойны өнгийг дуурайж, чангаар уншдаг байж билээ.
      Тус үзэсгэлэн энэ оны 2-р сарын 3-н хүртэл явагдах юм, энэ үлгэрээс гадна түүний хайчилсан бөгөөд зурсан агуу бүтээлүүд маш олноор тавигдсан байна лээ. Хэрэв завшаан гарвал заавал очиж үзээрэй. (http://www.teipark.jp/event/event.html#3)
      Уг үзэсгэлэнгээс гараад 2 болон 3-н давхарт байдаг Японы цахилгаан холбоо, шуудан, телевиз радиогийн хөгжлийн талаарх үзмэрүүдийг сонирхлоо. NTT болон NHK, Япон шуудангийн түүх болон шинэ техник технологийн талаар дэлгэрэнгүй, ойлгомжтойгоор толилуулсан байв. Яаж зүгээр байх вэ, утасны дэвтрээс танилуудынхаа дугаарыг байна уу үгүй юм шалгаж, шуудан зөөгч мотоцикл дээр сууж үзэн, эцэст нь улс улсын маркуудын үзэсгэлэнг сонирхов.

                      

Санамсаргүй 3
      Тив тивээр нь толилуулсан маркны үзэсгэлэн дунд Монгол заавал байх ёстой хэмээн хайлаа. Байдаг байгаа!! Бүр 1960 оноос өнөөг хүртэлх шүү!! Он оноор нь сонжив. Зөвлөлтийн үед манайхан барууны "сонгодог" соёл болон шинжлэх ухаан, сансар огторгуйд нэвтэрхий эсвэл өргөнөөр сонирхдог, эсвэл сонирхохоос өөр аргагүй байдалд орсон гэдэг нь илт мэдэгдэж байлаа. Мэдээж түүн дотор улс төрийн уриа лоозон, ухуулга байсан нь ойлгомжтой.

        


      Ардчилалын үед ямар байсан бол? 1990 он луу үсэрлээ, зөвлөлтийн талаар юу ч алга, харин барууны орчин үеийн төдийгүй өөрийн үндэсний соёл урлаг, мөн байгалийн баялаг зэргийг өргөнөөр харуулж. Марк хүртэл түүх өгүүлнэ ээ гэж... Монголд ч одоо олдохооргүй энэ их марк ямар аргаар, хэрхэн энд ирсэн байж таарах уу...?

 

    



      Монголд ийм бол бусад хуучин Зөвлөлтийн харьяа байсан улсууд ямар бол? Украйн, Румин тэр байтугай Болгар хүртэл Монголынхтой тун төстэй хөгжилтэй байв. Харин тэдний хувьд үндэсний соёл урлагаа Зөвлөлтийн засгийн газар нурж унасан унаагүйгээс хамаарах зүйлгүй сурталчилж, өргөнөөр харуулж чадсан байсан ч, нэгэнтээ гарал угсаа ойр улсууд тул Зөвлөлтийн зүгээс тэгж их дарамталж хавчаагүй байлгүй.

      Африкийн улсууд ямар бол??? Яг ийнхүү бодоод Африк тив рүү шилжих гэж байтал хонх дуугаран, музей хаах гэж байгааг зарлан, арга буюу 1 давхар луу буцаж буулаа. 1 давхарт нь мэдээж, бэлэг дурсгалын дэлгүүр байна. Хэдэн ил захидал, захианы цаас аван, марк зарж байгаа хэсэгт очтол дотоод гадаадын тамгалагдаагүй эртний маркууд, тэр дотор нь манай марк ч явж л байх юм. Нэгийг авч хариад Монголоос захиа явуулбал яадаг бол, гэж бодоод хартал "20 мөнгө" гэдэг юм байна. "За энэ бүтэхгүй..."

Санамсаргүй 4
      Япон марк хэтэрхий олон бас замбараагүй байсан тул гараа нэг хийгээд таарсныг нь авахаар шийдлээ. Онц биш байгалийн зурагтай таарахаар нь буцааж хийгээд дахин сугалах гэснээ сайн харвал нэг л танил газар, тэгэлгүй яах вэ, өнгөрсөн зун аялаад ирсэн дурсгалтай газар дүрээрээ мөн!! "15 иен"-ийн марк, нэг ил захидал ч явуулж хүрэхгүй ч 1970 онд хэвлэгдсэн маш нандин эд байсан тул авахаар шийдэв.


Санамсаргүй 5
      За тэгээд өдөржингөө энэ газар цаг алдлаа, харья гэж бодоод найз луугаа мессэж бичтэл тарж байна гэх юм. Аяга цай хамтдаа уугаад харихаар шийдээд, болзсон газраа яваад очтол нэг хүн намайг нэрээр минь дуудах юм. Юу билээ гэсэн, бараг 2 жил уулзаагүй Япон найз минь байлаа. Ингэж тааралдах гэж... Энд ажил хайж байгаа гээд жигтэйхэн албаны хувцаслачихсан, би хажууд нь "хаанаас нь ч харсан оюутан" зогсож байх юм аа. Уулзаагүй удсаныг ч хэлэх үү, мэндлээд л салах дэндүү хайран байсан тул нөгөө болзсон найзтайгаа 3-уулаа хамт сууя гээд дагуулаад явлаа...

      Ийнхүү миний санаатай бөгөөд санамсаргүй нэг өдөр өндөрлөлөө. Мэдээж орчин үед тодорхой зорилготой, төлөвлөгөөтэй, бодолтой амьдрахгүй бол болохгүй ч энэ мэтийн санамсаргүй зүйлтэй "учрах", "хүлээж авах" сэтгэл санааны зай багтаамж, бэлтгэл хүнд хэрэгтэй юм шиг. Мөн бүх эртнээс найдах эсвэл урьдчилан гадарлах нь ч гэсэн ийнхүү "санамсаргүй" тохиолдлуудыг үргээдэг юм болов уу. Үгүй ээ, ерөөсөө би гэдэг хүн л ийм жижигхэн зүйлэн дээр "хувь тавилан" ярьж, хий хөөрөөд байгаа юм болов уу?
      ....тийм байсан ч хамаагүй ээ, чимх инээдээс ч гэсэн чин сэтгэлийн аз жаргалыг олно, чимх зүйлийг ч гэсэн чин сэтгэлээсээ нандигнана, би ер нь ийм л хүн.
      Харин одоо уншигч та, өөрийн чимх "санамсаргүй"-гээсээ хуваалцаач ...

Thursday, January 21, 2010

Уучлал энэрэл



      Ойрд дипломын ажил бичээд бие болон сэтгэл санааны хувьд тийм ч их тогтвортой байсангүй. Жижиг сажиг зүйлээс ч томоохон хэмжээний цохилт болон дарамтыг хүлээн авах нь их байв. Яг ийм л үед энэ бүхнээ гаргаж хаяхгүй бол дотроо хадгалсаар нэг л өдөр дэлбэрэх байлгүй хэмээн дэлгэц рүүгээ зүглэсэн минь энэ.

      Өнөө өглөө миний бие тэнхээ тийм ч сайн байсангүй. Босъё гээд босч чадахгүй, бие өвдөөд өглөөжингөө орондоо хэвтэв. Энэ тухайгаа хүнд хэлэх эсэхээ жаахан эргэлзсэнээ, фейсбүк дээр хамаг бүхнээ дэлгээд хаячихлаа. Аль болох муу муухайг бичихгүйг хичээдэг ч өнөөдөр тэссэнгүй, бичиж орхив. Гэтэл хэд хэдэн найз болон танилаас маань мессэж, мөн утас ирдэг юм байна. Тэр дунд холбоо бариагүй хэдэн сар болсон нэгэн танил маань хүртэл байлаа. Дахин дурсмааргүй байвч, хамгийн сүүлд түүнтэй уулзахдаа маш эвгүй байдлаар салцгаасан юм. Хүнд тэгж их гомдож, дургүй болдоггүй ч миний сэтгэлийг маш томоор сэвтээж, итгэлийг минь алдсан түүнийг тэр үед би лав уучилж чадаагүй юм даг. Гэтэл өнөө өглөө "Зүгээр зз?" хэмээн мессэж илгээхэд нь өөрийн эрхгүй нүдэнд нулимс цэлэгнэн, өмнө болсон бүх зүйлийг мартах шиг л болсон.

      Ингээд би уучлал, өршөөлийн талаар бодож эхэллээ. Нэгэнт л ингээд уучилчих байсан юм бол юуны тулд "үл уучилна" вэ? Хэрэв тэр мессэж ирээгүй бол би тэр хүнийг уучлах байсан болов уу? Ер нь хүнийг уучлана гэж юу юм бэ? Хүн юуны төлөө хүнд гомдож, хүнийг үзэн яддаг юм бол? Өрөөндөө байгаа Библийг нээж үзлээ,

Матай 18:
21 Дараа нь Петр ирж Түүнд
-Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа түүнийг уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд нь
22 Есүс айлдсан нь
-Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье.


Матай 6:
14 Учир нь, хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг тань та нарыг мөн уучилна.
15 Харин хэрэв та нар хүмүүсийг уучлахгүй бол Эцэг тань мөн та нарын алдааг уучлахгүй.


(Монгол орчуулгыг http://mongoliabible.blogspot.com/2008/01/mt6.html -с)

      Библид бичсэнээр бол, "дайснаа" уучлах нь сайн үйл, уучилснаар сэтгэл санаа сайхан болно гэхээсээ илүү "Эзний өршөөлийг хүртэхийн тулд бусдыг уучлах хэрэгтэй", "Бусдыг уучлахгүй бол Эзэн чамайг уучлахгүй" хэмээн хүмүүсийн Эзэндээ итгэх итгэлийг нь "өршөөх" хэмээх үйлдэл болгон өөрчилж байгаа юм болов уу (Энэ талаар миний мэдлэг хомс тул итгэгч нарт зохисгүй санагдвал уучлаарай).

      Коран судрын талаар жаал хайж үзлээ.

The repayment of a bad action is one equivalent to it. But if someone pardons and puts things right, his reward is with Allah… (Qur'an, 42:40)
…. But if you pardon and exonerate and forgive, Allah is Ever-Forgiving, Most Merciful. (Qur'an, 64: 14)


хэмээн Аллахын хайр энэрэлийг хүртэхийн тулд, түүний өршөөлийг хүртэхийн тулд бусдыг ч бас уучил гэсэн байгаа юм. Мэдээж энэ өршөөл маань Лалын шашинтнуудад л зөвхөн хамаарна гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.

      Ингээд эцэст нь Бурханы сургаалийн талаар бодож үзлээ. Харамсалтай нь яг Бурханы сургааль яаж бичигдсэн талаар надад баримт олдсонгүй. Харин өнгөрсөн жил маш том завшаан гарч Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай Ламтай ярилцсанаа саналаа. Өнгөрсөн оны хавар гарсан Түвд дэх үймээний талаар асуух зүйл их байсан ч, улс төрийн холбогдолтой асуулт шууд асуух нь зохисгүй мөн ашиггүй гэдгийг мэдээд "Хүн өөртөө болон өөрийн хайртай хүмүүсийг зовлонд унагасан "этгээдийг" хэдэн удаа уучлах ёстой вэ? " гэж Ертөнцийн эзнээс Петр асуусантай яг ижил асуултыг асуусан юм байна. Мэдээж хувь хүний хувьд дагаж мөрдөх зүйл гэдэг үүднээс, нөгөөтэйгүүр "Та Хятад улсыг үзэн ядаж байна уу? " гэдгийг тойруулан асуусан нь тэр. Дээрхийн Гэгээнтэн үүнд "Хүнийг үзэн ядах, өршөөхгүй байна гэдэг хүнээс маш их энерги, хүч шаарддаг. Ийм муу энергийг тээснээр хүн оюун билиг болон бие махбодийн хувьд доройтож, зөв бодол санаагаа алддаг. Үүний оронд яагаад ийм зүйл болов, одоо хэрхэх вэ хэмээн болж өнгөрсөн үйл явдлын талаар бясалгах нь зүйтэй болов уу" хэмээн хариулсан юм. Юутай үнэн, юутай ухаалаг, мөн юутай "дипломат" хариулт вэ хэмээн би дотроо бодов. Улс төрийн хувьд хэнийг ч гомдоохгүй, гэвч бас алсын бодолтой хариулт болсон. Цаашид ч Дээрхийн Гэгээнтэн энэ хариултаа л өгсөөр байх болно. Хувь хүний мөрдөх ёстой сургаалийн хувьд ч тэр, шинжлэх ухааны үндэслэлтэй, хүний өөрөө зөв шийдвэр гаргах эрх чөлөөг хүндэлсэн номлол юм болов уу.

      Дэлхий дээр орших маш олон шашны зөвхөн гурвыг нь л авч үзлээ. Гэвч тус бүртээ дэндүү агуу, дэндүү гүн тул харьцуулал хийхэд хэцүү л юм. Гэвч аль ч шашных нь хувьд "өршөөж уучилна" гэдэг хүний байгалийн "жам"-тай тэрсэлдсэн үйл гэдгийг хүлээн зөвшөөрч, ямартаа ч "уучилсан" гэж бод, яваандаа бага багаар тэр муу муухай алга болж, нэг л мэдэхэд жинхэнэ утгаараа уучилсан байх болно гэж сургасан юм болов уу. Гагцхүү тэрхүү "уучилсан" гэсэн бодолд хүрэх аргачилал нь Библи болон Коранд бол "Бурхан"-д итгэх итгэл, Бурханы сургаальд бол "сайн сайхнаар амьдрах"-ын тулд хэрхэх талаар байдгаараа л ялгаатай юм болов уу.

      Дахин өөрийн бодолдоо эргэн ирлээ. Хүнд дургүй болж, уучлахгүй байх нь ийм их энергий шаарддаг юм бол, бусдад санаа тавьж бас тавиулж, халамжлуулах ийм их аз жаргалтай зүйл юм бол "Хүнд дургүй болж чаддаггүй" байсан 5 жилийн өмнөх би, "Хүнд дургүй болж сурсан" өнөөдрийг хүртэлх би яг одоо "Хүнийг хайрлаж өршөөж сурах" би болохоор шийдлээ. Хайр байвал тэнд өршөөл оршино. Хайр ямар дундрах биш, харамгүйгээр би түгээх болно.