Tuesday, January 26, 2010

Санамсаргүй биш санаатай байх аа...

      Саяхан санамсаргүй тохиолдлоор нэгэн охинтой танилцсан талаар бичсэн. Гэтэл энэ "санамсаргүй" гэдэг этгээд надаас салахаа болилоо. Яавч санаандгүй байж таарахгүй, лав санаатай байх аа...
      "Үхэр сүх далайтал амар", гэгчээр хэдэн реферат, курсын ажил зэргээс салаад одоо улирлын эцсийн шалгалт хүртэл хэдэн хоног үлдээд байна. Хэд хоног хэтэрхий ачаалалтай байгаад ядарсан уу, эсвэл залхуурсан уу, өнөө маргаашдаа шалгалтандаа бэлдэх хүсэл алга шив. Энэ маягаар бас нэгэн "галзуу" долоо хоног үргэлжлэх байлгүй.


"Санамсаргүй" 1
      За тэгээд онцсайн "ажилласан" өөрийгөө мялааж байгаа юм гээд аятайхан газар хоол идье гэж бодоод сургуулиасаа гарлаа. Хаашаа орохоо шийдэж ядаж байтал нэгэн найзаас маань ойрхон явж байна гэсэн мессэж ирдэг юм байна. Даруй уулзахаар шийдлээ. Сайхан хоол идэн, ярьж хөөрөөд салцгаалаа. Найзаасаа салаад би буудал руу буцаж явлаа л даа.

"Санамсаргүй " 2
      Замын эсрэг талд "Communications Museum" гэж томоос том бичсэн нэгэн барилга байв. Сайн ажиглавал NTT хэмээх Японы цахилгаан холбоо, сүлжээ мэдээллийн хамгийн том компаний лого харагдана. Ямартаа ч зам гаран, ямархуу үзэсгэлэн юм бол хэмээн сонжив. Гэтэл хаалганы хажууд нэгэн плакат, түүн дээр нь нэг л танил зураг харагдах нь тэр.      


                        

      ... "юу билээ?" санаж өгдөггүй. Саяхан нэгэн бяцхан сурагчдаа уншиж өглүү, эсвэл багадаа ч уншиж байлуу, бүр үгүй Осакад хэлний бэлтгэлд байхдаа заалгалуу, гэх мэтээр тодорхой санаж чадахгүй байгаадаа бухимдан орж үзэхээр шийдлээ. Хачирхалтай нь тэр үзэсгэлэнгийн тасалбар нь ердөө 110-н л иен байв. "Ай даа, ямар л юм бол доо..."
      Такихира Жиро, бар зураг болон цаасан хайчилбараас гадна хүүхдийн зурагтай номны зохиолч хүн. Түүний дурсгалд зориулсан үзэсгэлэн байв. Өнөөх зураг маань "モチモチの木" ( http://www.amazon.co.jp/%E3%83%A2%E3%83%81%E3%83%A2%E3%83%81%E3%81%AE%E6%9C%A8-%E5%89%B5%E4%BD%9C%E7%B5%B5%E6%9C%AC-6-%E6%96%8E%E8%97%A4-%E9%9A%86%E4%BB%8B/dp/426590906X ) гэсэн миний бага сургуулийн сурах бичгэн дээр гарч ирсэн үлгэрийнх байв. Хөдөө өвөөтэйгээ хоёулханаа аж төрөх бяцхан хүүгийн талаар, хэрхэн өвөөгөө аврахын тулд зоригтой алхам хийдэг талаар маш энгийн бөгөөд сайхнаар өгүүлсэн үлгэр байдаг юм. Миний үүнд дуртай гэж жигтэйхэн, өвөө болон хүүгийн тус тусын хоолойны өнгийг дуурайж, чангаар уншдаг байж билээ.
      Тус үзэсгэлэн энэ оны 2-р сарын 3-н хүртэл явагдах юм, энэ үлгэрээс гадна түүний хайчилсан бөгөөд зурсан агуу бүтээлүүд маш олноор тавигдсан байна лээ. Хэрэв завшаан гарвал заавал очиж үзээрэй. (http://www.teipark.jp/event/event.html#3)
      Уг үзэсгэлэнгээс гараад 2 болон 3-н давхарт байдаг Японы цахилгаан холбоо, шуудан, телевиз радиогийн хөгжлийн талаарх үзмэрүүдийг сонирхлоо. NTT болон NHK, Япон шуудангийн түүх болон шинэ техник технологийн талаар дэлгэрэнгүй, ойлгомжтойгоор толилуулсан байв. Яаж зүгээр байх вэ, утасны дэвтрээс танилуудынхаа дугаарыг байна уу үгүй юм шалгаж, шуудан зөөгч мотоцикл дээр сууж үзэн, эцэст нь улс улсын маркуудын үзэсгэлэнг сонирхов.

                      

Санамсаргүй 3
      Тив тивээр нь толилуулсан маркны үзэсгэлэн дунд Монгол заавал байх ёстой хэмээн хайлаа. Байдаг байгаа!! Бүр 1960 оноос өнөөг хүртэлх шүү!! Он оноор нь сонжив. Зөвлөлтийн үед манайхан барууны "сонгодог" соёл болон шинжлэх ухаан, сансар огторгуйд нэвтэрхий эсвэл өргөнөөр сонирхдог, эсвэл сонирхохоос өөр аргагүй байдалд орсон гэдэг нь илт мэдэгдэж байлаа. Мэдээж түүн дотор улс төрийн уриа лоозон, ухуулга байсан нь ойлгомжтой.

        


      Ардчилалын үед ямар байсан бол? 1990 он луу үсэрлээ, зөвлөлтийн талаар юу ч алга, харин барууны орчин үеийн төдийгүй өөрийн үндэсний соёл урлаг, мөн байгалийн баялаг зэргийг өргөнөөр харуулж. Марк хүртэл түүх өгүүлнэ ээ гэж... Монголд ч одоо олдохооргүй энэ их марк ямар аргаар, хэрхэн энд ирсэн байж таарах уу...?

 

    



      Монголд ийм бол бусад хуучин Зөвлөлтийн харьяа байсан улсууд ямар бол? Украйн, Румин тэр байтугай Болгар хүртэл Монголынхтой тун төстэй хөгжилтэй байв. Харин тэдний хувьд үндэсний соёл урлагаа Зөвлөлтийн засгийн газар нурж унасан унаагүйгээс хамаарах зүйлгүй сурталчилж, өргөнөөр харуулж чадсан байсан ч, нэгэнтээ гарал угсаа ойр улсууд тул Зөвлөлтийн зүгээс тэгж их дарамталж хавчаагүй байлгүй.

      Африкийн улсууд ямар бол??? Яг ийнхүү бодоод Африк тив рүү шилжих гэж байтал хонх дуугаран, музей хаах гэж байгааг зарлан, арга буюу 1 давхар луу буцаж буулаа. 1 давхарт нь мэдээж, бэлэг дурсгалын дэлгүүр байна. Хэдэн ил захидал, захианы цаас аван, марк зарж байгаа хэсэгт очтол дотоод гадаадын тамгалагдаагүй эртний маркууд, тэр дотор нь манай марк ч явж л байх юм. Нэгийг авч хариад Монголоос захиа явуулбал яадаг бол, гэж бодоод хартал "20 мөнгө" гэдэг юм байна. "За энэ бүтэхгүй..."

Санамсаргүй 4
      Япон марк хэтэрхий олон бас замбараагүй байсан тул гараа нэг хийгээд таарсныг нь авахаар шийдлээ. Онц биш байгалийн зурагтай таарахаар нь буцааж хийгээд дахин сугалах гэснээ сайн харвал нэг л танил газар, тэгэлгүй яах вэ, өнгөрсөн зун аялаад ирсэн дурсгалтай газар дүрээрээ мөн!! "15 иен"-ийн марк, нэг ил захидал ч явуулж хүрэхгүй ч 1970 онд хэвлэгдсэн маш нандин эд байсан тул авахаар шийдэв.


Санамсаргүй 5
      За тэгээд өдөржингөө энэ газар цаг алдлаа, харья гэж бодоод найз луугаа мессэж бичтэл тарж байна гэх юм. Аяга цай хамтдаа уугаад харихаар шийдээд, болзсон газраа яваад очтол нэг хүн намайг нэрээр минь дуудах юм. Юу билээ гэсэн, бараг 2 жил уулзаагүй Япон найз минь байлаа. Ингэж тааралдах гэж... Энд ажил хайж байгаа гээд жигтэйхэн албаны хувцаслачихсан, би хажууд нь "хаанаас нь ч харсан оюутан" зогсож байх юм аа. Уулзаагүй удсаныг ч хэлэх үү, мэндлээд л салах дэндүү хайран байсан тул нөгөө болзсон найзтайгаа 3-уулаа хамт сууя гээд дагуулаад явлаа...

      Ийнхүү миний санаатай бөгөөд санамсаргүй нэг өдөр өндөрлөлөө. Мэдээж орчин үед тодорхой зорилготой, төлөвлөгөөтэй, бодолтой амьдрахгүй бол болохгүй ч энэ мэтийн санамсаргүй зүйлтэй "учрах", "хүлээж авах" сэтгэл санааны зай багтаамж, бэлтгэл хүнд хэрэгтэй юм шиг. Мөн бүх эртнээс найдах эсвэл урьдчилан гадарлах нь ч гэсэн ийнхүү "санамсаргүй" тохиолдлуудыг үргээдэг юм болов уу. Үгүй ээ, ерөөсөө би гэдэг хүн л ийм жижигхэн зүйлэн дээр "хувь тавилан" ярьж, хий хөөрөөд байгаа юм болов уу?
      ....тийм байсан ч хамаагүй ээ, чимх инээдээс ч гэсэн чин сэтгэлийн аз жаргалыг олно, чимх зүйлийг ч гэсэн чин сэтгэлээсээ нандигнана, би ер нь ийм л хүн.
      Харин одоо уншигч та, өөрийн чимх "санамсаргүй"-гээсээ хуваалцаач ...

2 comments:

Skitai said...

Сайхан өдөрийг өнгөрүүлжээ.

Яг ийм юу болох нь мэдэгдэхгүй ийм л өдөрүүдээр амьдармаар байна. Маргааш юу хийх бүх юм төлөвлөгдсөн байхаас залхаад байна.

Anonymous said...

Би санамсаргүй байдлаар дандаа хүний нууцыг мэдчихдэг. Хуваалцах гэхээр хүний нууцыг дэлгэчих гээд байна. хэхэ.

Жишээ нь зүв зүгээр Токио-ийн ямар ч сураггүй эки дээр ганцаараа алхаж байгаад, 2 Монгол таньдаг найзыгаа харах жишээтэй. Тэр 2 зүгээр яваагүй, нэлээн учиртай явж байсан гэх мэт.

Би л лав энд тэнд явж байгаад санамсаргүй, дандаа болохгүй юм олоод харчихдаг.