Saturday, December 29, 2007

Баярласаар л ...

       ЯМОХ-ын сагсны тэмцээн, шинэ жил гээд блогоо бичиж амжсангүй. Хичээл амраад бүхэл бүтэн долоо хоног өнгөрч байхад энэ хоёроос өөр зүйл амжуулж чадаагүйдээ харамсав... Ямартаа ч сагсны тэмцээн маань сайхан болж өнгөрөв. Анх удаагаа охидын тэмцээн болсон нь их олзуурхууштай. Охидын нийт 4 баг байсан бөгөөд манай ЯМОХ-ын баг нэг нь байв. Ямартаа ч 2-р байранд ороод амжсан шүү. Би болгоомжгүйгээсээ болоод зүүн талынхаа хавиргаа мөргүүлчихэв. Одоо хүртэл өвдөөд байх юм. Хэн нэгний хэлснээр аминдаа хайртай юм болохоороо рентгэн зураг авахууллаа. Зүгээр гэх юм... Ай даа, мэдэх юм алга.
       Шинэ жилийн хувьд багахан сандаралтын байдалтай байлаа. Бодож байснаас хамаагүй их бүртгүүлээгүй хүн ирж, хэд хэдэн удаа нэмж уух юманд явав(би биш л дээ. Явж өгсөн коохай нартаа баярлалаа). Тэгээд тэгээд уух юм бага байна гэх хүн гарч ирсэн. Гайхах ч шиг... Энэ жилийн тайзны засалт гоё болсон гэдэгтээ хүмүүс санал нийлэх биз. Манай коохай нар чимсэн юм. Мундаг шүү. DJ-р манай алдарт ТУАНА ирэв. Доргио доргио. Манай хэдэн охид сарын турш бэлдсэн бүжгээ толилуулж олны нүдийг хужирлав.

Туанатай

Мөн коохай нар маань дуу ч бэлдэж ирэв. Ёстой л дуутай хууртай, бүжигтэй жүжигтэй сайхан баяр боллоо. Бүгдэнд нь баярласнаа илэрхийлье. Хэдийгээр энд нэр нь дурдагдаагүй ч сэтгэлээрээ тусалж дэмжсэн, хамтран зохион байгуулалцсан бүх залуустаа баярлалаа.
       Сайхны хажуугаар саар гэж байдаг. Энэ хоёр үйл ажиллагааны үеэр ажиглагдсан зүйл.
Япон улсад сурч амьдарч байгаа хүмүүс харьцангуй соёлтой, ухамсартай байдаг даа. Гэтэл хогоо хамаагүй хаях, тарьсан хогоо цэвэрлэхгүй орхих гэх мэт асуудал байнга л гарч ирэх юм. Дэндүү харамсалтай. Хүн бүр нэг ширхэг хог бариад гарвал ердөө л 5-хан минутын дотор дуусах юмыг хий дэмий гэдийж зогссоор байгаад 30, 40 минут болгочих юм. Мэдээж зохион байгуулж байгаа тал хариуцах ёстой ажлуудын нэг л дээ. Гэвч үйл ажиллагаа маань ОЮУТНУУД сайн дураараа хийж байгаа зүйл гэдгийг бодолцох хэрэгтэй. Бид үүнийг зохион байгуулснаар цалин мөнгө аваагүй, ашиг хонжоо хөөгөөгүй гэдгийг мартаж болохгүй. Хогоо цэвэрлэхийг шаарддаг төлбөртэй үйл ажиллагаа ч гэсэн олон байдаг шүү дээ. За за, нөгөөдөх чинь үглэж эхэлж байх шиг байна.
       Өчигдөр сагсны тэмцээний үеэр харамсалтайгаар бэртсэн Цэцэггаравыг ЯМОХ-ыг төлөөлж эргэж очив. Эмчилгээний болон замын зардлаас авахуулаад нэлээн хүнд байдалд байгаа юм байна лээ. Хамгийн аймаар нь баруун гараа огт хөдөлгөж чадахгүй, зүгээр хэвтэж ч чадахгүй хэд хоног суугаагаараа унтсан гэх юм. Бид аль болохоор сэтгэлийн дэм өгөхийг хичээж, ЯМОХ-ын данснаас 3 түмэн иенийг хандивлав. Бидний зохион байгуулсан тэмцээн дээр ийм зүйл болж, аюулгүй байдлыг хангаж чадаагүй тул зүй ёсоор үүрэх ёстой хариуцлага гэж бодсоны үндсэн дээр ийнхүү шийдвэрлэсэн юм. Монголчууд бид, нэн ялангуяа эх орноосоо хол байгаа оюутан залуус бид бие биендээ байнга тусалж дэмжиж байх хэрэгтэй.
       Маргааш ВИМО-гийн шинэ жилийн үдэшлэг. 25-нд завгүй гүйсээр бараг баярлаж чадаагүй тул маргааш ч ёстой сайхан баярлана аа. ВИМО-доо амжилт!!
Сурагчийндаа Набэ хийж идэв


Saturday, December 08, 2007

Буузны амт

     Өнөөдөр Васэдагийн Их Сургуулийн оюутнуудын зохион байгуулсан "Монгол Кафе" хэмээх үйл ажиллагаанд оролцоод ирлээ. Ямар олон Монголчууд вэ? Мэдээгүй явсан өөрөөсөө ичив. Монгол дуутай хууртай, тоглоомтой, дээрээс нь бууз болон сүүтэй цайтай энэ үйл "кафе" маань анх удаагаа явагдаж байгаа юм байна. Буузны амт гэж янзтай!!(Муу хүн идсэнээ...) Их олон үзэгч сонирхогчид ирсэн байлаа. Морин хуураар "Морин төвөргөө" тоглох ёстой би чинь сандарсандаа юун төвөргөх зүгээр л шогшуулаад хаяв. Гэхдээ л үзэгчид маань сайхнаар хүлээн авч, Васэдагийн нөхөд маань ч урам өгч байлаа. Мөн манай Хаврын Баяр 2007-г хөтөлж явуулсан Ган-Од маань хөөмийлж ёстой бут авсан даа. Хөөмийлж үзмээр хүн байна уу, гэтэл нэгэн Япон залуу гарч ирээд, хөөмийлчих шиг болсон шүү. Түүнийхээ дараагаар бийтбокс хийж үзүүлтэл, Ган-Од маань хөөмийлөөд тэр хоёр ч сайхан хоршиж байсан шүү. Бийтбокс хөөмий хоёр их гоё зохицдог юм байна лээ.Үйл ажиллагаа тун сайхан боллоо. Өөрийнхөө сургууль дээр ч гэсэн ийм үйл ажиллагаа хийх хэрэгтэй гэдгийг өөрийн эрхгүй мэдэрлээ. За яахав...
     Өнөөдөр уг нь нэлээн олон зураг авсан юм. Даанч үзүүлж чадахгүй нь. Зургийн аппаратаа гээчихлээ гэж... Шинэ жил дөхөж байдаг, нөгөөдөр гадагшаа явах гэж байдаг. Би гэдэг хүн бүтэлгүй еэ. Гарах ёстой юм гарч гэж бодох гэхээр дотор нь байгаа мемори стик, зургууд хайран юм аа. Уг нь ч аппаратаа солих цаг болсон л байсан л даа. Гэхдээ л... Алдсан хүн арван тамтай гэж...      Өнөөдөр нэгэн оюутан надаас мөрийн хөтөлбөрийг маань асуулаа. Хэлмээр зүйл дэндүү их байсан тул энд бичихээр шийдэв.
- ЯМОХ-ын статусыг бататгах. Албан ёсоор бүртгүүлэх
- ЯМОХ-ын гишүүнчлэлийг нарийн бүтэцтэй болгох, гишүүний хүрээг тэлэх.
- ЯМОХ-ын веб хуудсыг шинэчлэх, байнгын ажиллагаатай болгох.
- Сар болгон "ЯМОХ-ын өдөр"-ийг зарлаж, сургалт мэтгэлцээн, уулзалт яриа, тэмцээн уралдаан гэх мэтийн зүйлсийг тогтмол зохион явуулах
- Зөвхөн Токио орчмын бус бусад хот мужуудад ч гэсэн хүрч ажиллах (Энэ тал дээр манай
УЗ-ийн гишүүд бүгд санал гаргасан байгаа)
зэрэг зүйлс энэ нэг жилийн төлөвлөгөө байгаа юм л даа. Үүнээс гадна төрөл бүрийн жижиг санаа оноонууд бий гэж... Сэнпай Батдэрмийнхээ хэлснээр нэг дэвтэр гаргаад өөрийн болон бусдын бүх санаануудыг сийлнэ байгаа...
     Маргааш эрт ЯМОХ болон Хаврын Баярын зохион байгуулах хорооны хуралтай. Хэдэн материал бэлдчихээд амрая даа...

Friday, December 07, 2007

Жирийн амьдрал


Энэ долоо хоног гэж энэ сар тэр чигээрээ хүмүүсийн төрсөн өдөр, төрөл бүрийн хүлээн авалт үдэшлэгээр дүүрэн байна даа. Гадуур шинэ жилийн уур амьсгал ороод би өөрөө өөртөө ч гэсэн тэр уур амьсгалыг оруулах ёстой эсэхдээ эргэлзэн зогсоно. Ямартаа ч удахгүй болох ЯМОХ-ын шинэ жилд оюутан залуусаа ирээрэй гэж уриалъя. Ёстой гоё гоё сьюрприз бэлдээд байж байя.

Баахан бялуунууд. Бүгдээрээ нэг хүний төрсөн өдөрт зориулсан гээд бод доо. хэхэхэ

Өчигдөр аймаар эрт унтав. Тэр нь шөнийн 2 цаг. хэхэ. Гэхдээ өнөөдөр хичээлгүй байсан тул аймаар орой босов. 12 цаг. Өглөө үсчинд захиалга өгчихсөн байсныг хэлэх үү, хоцорсондоо баахан бантаад, өглөөний цайгаа ч уулгүй гэрээсээ гарлаа. Замдаа үсчин рүүгээ утасдтал өдрийн завсарлагаатай байгаа тул цагийн дараа ирнэ үү гэдэг юм байна. Өө ашгүй ашгүй гэж бодоод замаараа ТООХО гэдэг талхны дэлгүүрээр орж өглөөний цайгаа уув. Энд ч бас шинэ жилийн уур амьсгал орчихож. Санаа алдав... Гадаа сандал дээр суугаад талхаа идэх гэтэл хажууд нэгэн эмээ ирээд суудаг юм байна. Бас яаж дуугүй идээд байх вэ гээд "Өнөөдөр тэнгэр их сайхан байна шүү"(Ямар Англичууд биш дээ) гээд яриа эхэлтэл "Тийм байна" гээд цаашаа харчихав. Би бантсандаа дэмий л талхаа мэрсээр амтыг нь ч мэдэрсэнгүй. Ингээд бодлоо, Япон хүмүүс яагаад яриа өрнүүлэхдээ ийм муу юм бол гэж... Эсвэл миний анхны асуулт буруу байсан уу?

Үсчиндээ очоод 1 цаг хүлээдэг юм байна. Одоо яая гэхэв өөрөө унтаад хоцорсон тул... Ингээд л энэ өдрийн план бүхэл бүтэн 2 цагаар зөрлөө дөө. Үсээ тайруулаад бас будуулах ёстой байтал тайруулахаас өөр үйлчилгээ хийлгэж чадсангүй. За яахав орой дахин ирээд хийлгэе.

Азабү-Жүүбан буудал руу явлаа. Энэ хавьд бөөн ЭСЯ-ууд байдаг болохоор метрон дотор дипломатч байрын гадаад хүмүүстэй байнга тааралдана. Тэгээд л нөгөө хэд маань ярьж эхэлнэ дээ. Тэгээд л би бас бодно. Гадаадууд яагаад ийм ярихдаа сайн байдаг юм бол, гэж.
Түрүүний эмээг бодлоо.

Буцаад Кичижожи(миний амьдардаг газар) ороод үсчин рүүгээ зүглэв. Гэтэл замдаа өвлийн хувцас муутайгаа гэнэт санаж, дэлгүүрээр орон ноосон цамц авлаа. Заддаа, 12 сарын хямдралыг хүлээе гэж шийдсэн юм сан... Дүүрсэн хэрэг, даараад байна.

Үсчиндээ очоод бас 30 минут хүлээж, арай гэж үсээ будуулж аваад найзынхаа төрсөн өдөр лүү яарав. Найздаа баяр хүргээд, энэтхэг хоол ба БЯЛУУ идээд гэр лүүгээ яарав.



Энэ хүртэл миний жирийн л амьдрал өрнөлөө.

21:00 цаг. ЯМОХ-ын цахим хурал эхлэв. Бид хэд долоо хоног бүрийн Пүрэв гаригт цахим хурал хийдэг юм л даа. Сургууль болон байр энд тэнд оюутнуудын хувьд Яахуу! мессэнжэр шиг аминд ордог зүйл алга. Өө бас gmail-г ч дурдахгүй байхын аргагүй. Бидний хурал 2 цагийн хугацаатайгаар үргэлжилж 12-р сарын 8-нд болох Хаврын Баяр 2008-ын Зохион Байгуулах Комиссын хуралд ярих ёстой асуудлаа хэлэлцэв. 100 хувийн ирцтэй байсан болохоор их баярлууштай байлаа. Манай шинэ Удирдах Зөвлөлийнхөн ч үнэхээр шуурхай ажилдаа орж байх шиг байна даа. Төрөл бүрийн сайхан сайхан саналууд гарч ирээд, өөрсдийн саналаар тэдгээр ажлуудаа хариуцаж авч байх юм. Энэ жилийн ЯМОХ ч хүчтэй шүү, мэдээж үүнийг уншиж байгаа бүх оюутан залуус маань идэвхтэй оролцвол шүү дээ.

ЯМОХ-ын тэргүүн буюу "дарга" болно гэдэг, бусдыг зохион байгуулах, удирдах чадвар заавал шаардагдана. Хааяа яахаа мэдэхээ болих үе, мухардалд орох үе, шаналах үе их л гарах юм. Дөнгөж сар гаруй хугацаа өнгөрч байхад зөндөө л шаналаад авлаа. Өдөрт ЯМОХ-ын талаар бодох цаг маань хичээл хийх цагаас маань их гарчих гээд байна. Болж байна уу үгүй юу... Дахин 1 сар болох юм бол арай гайгүй болох биз дээ. Та бүхэн маань намайг болон манайхныг дэмжээрэй.

Бичмээр зүйл их л байна. Та бүхнийг залхаагаад яах вэ. Маргааш үргэлжлүүлье...


To be contiuned...

Tuesday, December 04, 2007

"Даргын" анхны сар ямар байв?

Миний зорилго 1 :
Өнөөдөр нь аялалаа төлөвлөөд маргааш нь замдаа гардаг болох.


Шинэ санаа, шинэ сэдэл төрсөн ч цаг зав, мөнгө санхүү, эр зориг, мэдлэг чадлын хувьд асуудал бэрхшээл гараад, тэр болгон хэрэгжүүлж чадалгүй өнгөрөх явдал олонтаа тохиолддог. Өнөөдөр бодсон зүйлээ тэр дор нь хэрэгжүүлж чаддаг болохын тулд бүх тал дээр "БАЯН" байх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж мөнгө төгрөгний хувьд асуудалгүй, аливаад цаг зав гаргаж чаддаг байхаас гадна бие сэтгэлгээний хувьд байнга эрүүл, баян байх нь чухал. Ийм л хүн болохын тулд жижиг зүйлээс ч гэсэн эхлэх хэрэгтэй хэмээн, амласан ёсоор дараагийн бичлэгээ шуурхай бичиж байгаа минь энэ.
"Дарга" гэдэг нэрэнд анхандаа дасч өгөхгүй, эвгүй оргиод байсан сан. Гэтэл "дарга" гэж дуудуулах тийм ч муухай биш юм аа. "Дарга аа" хэмээн хошигнон дуудна гэдэг нь тэр хүнтэй бага зэрэг ч гэсэн дотноссоны шинж гэж хувьдаа бодож байна. Энэ маягаараа энд байдаг бүх оюутнуудтайгаа найз болох юм сан (Өөрийгөө бас "дарга" гэж дуудуулах санаатай ;p...хэхэ)

Нэг сарын хугацаанд юу хийснээ товчхон танилцуулъя.

11-р сарын 16,17-нд "Хаврын Баяр"-т байнга тусалж дэмжиж байдаг "Хөх Тэнгэр" нийгэмлэгийнхэнтэй уулын аялалд явав. Яг навч шарладаг үеэр явсан тул үнэхээр сайхан байсан. Энэ үеэр тус нийгэмлэгийнхэнтэйгээ улам дотносч, өмнөх болон дараагийн "Хаврын Баяр"-ынхаа талаар санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.

11-р сарын 19-нд Морин хуурын чуулганы тоглолт үзлээ. Аргагүй л "Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдсандаа багтаасан" хуурын маань эгшиг агуу юм аа. Энэ тоглолтыг үзсэн хэн бүхэн морин хуур нэг дарж үзэх юм сан, сурах юм сан гэж бодсон гэдэгт эргэлзэхгүй байна.

11-р сарын 22 Удаан хугацааны турш төлөвлөж ирсэн "Морин хуурын сургалт" боллоо. Чуулганаас 4 морин хуурч ирж багшилсан бөгөөд энэ тухай мэдээллийг yamoh.blogspot.com -оос авна уу. Сурагчдын маань дунд харамсалтайгаар харж чадахаа больсон, явж чадахаа больсон хүн ч байсан нь морин хуурын маань эгшиг ямар олон хүнийг уярааж, ямар олон хүнд урам өгсөний гэрч буй заа.


11-р сарын 27 Энэ өдрийн орой хичээлээ тарангуутаа Нагатачо руу зүглэсэн. Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгэмийн ажлын хэсгийн дарга Кога Иссэйн хүлээн авалтанд сэнпайгийн хамт очлоо. Миний мэдэхээр Японы АН-ын дарга Озава болон ерөнхий нарийн бичгийн дарга Хатояама нар хүрэлцэн ирсэн байсан. Тэднээс бусдыг мэдэхгүй өөрөөсөө ичлээ. Миний мэргэжил улс төр судлал шүү дээ, ядаж Японы улс төрчдийг мэддэг баймаар юм даа... Ямартаа ч улс төрийн хүлээн авалт гэдгийг ёстой мэдрэх шиг л болсон. Хүмүүсийн хэлж ярьж байгаа үгийн хурцыг нь яана гэнэ!!
Монголын улс төрийн хүлээн авалтууд ямар байдаг бол? Нэг очиж үзэх юм сан.


11-р сарын 30 АН-ын дарга Ц. Элбэгдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд Японы ГХЯ(Гадаад Хэргийн Яам)-ны урилгаар Японд айлчилсан билээ. Энэ үеэр Тоокёогийн Гадаад Хэлний Дээд Сургууль дээр Ц.Элбэгдорж лекц уншин, Монголчуудтайгаа чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Би яаж хоцрох вэ, яваад л очлоо. Асуулт ч асуугаад авлаа. " Японы ГХЯ-нд Монголыг Хятад улсын хэлтэст оруулсан байдаг. Үүний талаар та юу гэж бодож байна вэ?" Энэ талаар бага зэрэг тайлбарлая. Японы ГХЯ-нд Ази-Номхон далайн газар, Хятадын хэлтэс, Монголын баг (アジア大洋州局中国課モンゴル班) гэж байдаг юм билээ. Би ч гэсэн саяхан л мэдсэн юм) Харамсалтай нь тодорхой хариулт авч чадсангүй. Японы ГХЯ-аас төлөөлөгч байсан болоод ч тэр үү, бүү мэд.
Гэхдээ л Элбэгдорж гуайн ярианы урлаг гэж агуу шүү. Харвардын бүтээгдэхүүн бүгд ийм байдаг болов уу?

12-р сарын 2 2006-2007 оны УЗ(Удирдах Зөвлөл)-өөс шинэ УЗ-ээ танилцуулах хүлээн авалт зохион байгуулав. Бидэнд байнга тусалж дэмжиж байдаг Япончууд болон сэнпай нараа урьсан хүлээн авалтаар хоёр коохай маань дуулж, би сэнпайтайгаа хуурдаад дуутай хууртай сайхан үдэж байлаа. Олон ч шинэ хүнтэй танилцаж, ажил хэргээ ч яриад амжсан боловч нэрийн хуудас солилцсоор байгаад нөхдийнхөө хийсэн хуушуур, цуйванг бараг идэж чадсангүй... За яахав дараа тэгж байгаад... (Зураг: Нөхдийнхөө хийсэн хуушуурыг зөөж байгаа нь. Хийж чадах биш зөөхийг нь ч болсон... Гэхдээ л хүнд байсан)

12-р сарын 3 Элчин дээр болсон "шинэ жилийн" хүлээн авалтанд очлоо. Морин хуур тоглож өгөх хүн маань Монгол явчихсан тул арга буюу би өөрөө тоглохоор болсон юм. Өмнөх өдөр нь хамт тоглосон сэнпайтайгаа нийлээд "Үүлэн бор"-оо татав. Ирсэн зочид яриандаа улайраад тийм ч анхааралтай сонсохгүй байсан нь ганц хоёр алдаад авсан наддаа эсрэгээр аз болов. Элчингийн бэлдсэн сайхан бууз хуушуур харагдаад л байсан, бас л нэрийн хуудас солилцож, хүнтэй танилцсаар олигтой идэж чадсангүй. Хэхэхэ. Хүн сонсвол ямар аймаар идэмхий, шуналтай золиг гэж бодох байх. Ойрд Монгол хоолоо санаад л тэр. Мэдээж хоолноос илүү хүнтэй уулзаж танилцах ажил нь энэ тэргүүнд тавигдана л даа.
(Зураг: Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Харада гуайтай. Манай сургуулийн сэнпай юм гэсэн...)

гэх мэтээр нэлээн идэвхтэй өнгөрсөн нэг сар байлаа. ЯМОХ-ын "ажлаас болж" хэд хоног нойргүй хоноодохов. Одоо яая гэхэв өөрөө дэндүү дуртай юм даа, энэ ажилдаа. Гэхдээ л өөртөө зориулах цагаа мартахгүй ээ, цаадах чинь. Зүгээр ч үгүй LINKIN PARK үзээд авсан байгаа. Үнэхээр саак байсан шүү. Харин хичээл ном маань хаана гээгдчихэв ээ? Мэргэжлийн хичээлүүд эхэлчихсэн байгаа, хичээлээ ч гэсэн сайн хийхгүй бол. Муу сурдаг "дарга"-тай байвал онцгүй биз дээ?


Sunday, December 02, 2007

"Даргын" нэг өдөр


Блогынхоо нэрийг өөрчилье гэж бодлоо. "Даргын нэг өдөр"
Өнгөрсөн сарын 27-ны өдөр ЯМОХ буюу Япон дахь Монгол Оюутны Холбооны тэргүүнээр сонгогдлоо.
Тэргүүн гэхлээр учир зүггүй мундаг хүн гарч ирээд л юм юмыг заагаад байх юм шиг санагдаж магадгүй л дээ. Гэхдээ би жирийн л нэг оюутан, Монголынхоо төлөө, Монгол оюутнуудынхаа төлөө юм хийе гэсэн чин хүсэлтэй нэгэн иргэн төдий.
Өнөөдөр гадаад улсад ажилж амьдарч байгаа, сурч боловсорч байгаа бүх Монголчууд их бага тодорхой хэмжээгээр үүнийг нэг ингэчих юм сан, түүнийг нэг тэгчих юм сан зэргээр өөр өөрийн бодлыг, саналыг тээж яваа гэдэгт итгэлтэй байна. Тэдгээр хүмүүсийн цээжинд "нойрсож" буй тэр саналыг, тэр дуу хоолойг сонсоод, хэрэгжүүлэхэд нь туслах, хамтран ажиллах нь би болон манай хамт олны гол үүрэг буй заа.
Тэргүүн болоод бүтэн нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд их л зүйл болж өнгөрлөө. Японд ирснээс хойш хамгийн хурдан өнгөрсөн сар байлаа. Нойртой хонох шөнөөсөө илүү нойргүй хонох шөнө нь илүү болж хувирав. Гэнэт энэ их хариуцлагатай үүрэг албанд тавигдаад, өөрөө өөрийгөө "дарамтлаад" баахан зовов. Ажил хичээлтэйгээ зохицуулж чадахгүй баахан сандрав. Хамгийн гол нь хийе гэж бодож байгаа юм маань дэндүү ихдээд, санаа маань цээжиндээ багтаж ядаад, цаг хугацааны дэндүү богинод гомдож суусаар байтал...
Дуслыг хураавал далай гэдэг. Бага багаар өөрийн зорилгодоо ойртох хэрэгтэй. Дэмий шаналж, санаа зовж суугаад ямар ч хэрэггүй. Тэгж бодоод үүнээс хойш өөрийн ажлынхаа талаар, өдөр тутмынхаа "даргын амьдрал"-ыг бичихээр шийдлээ. Энэ блог дээрээ юу бичихээ мэдэхгүй байсан юм. Үүнээс хойш байнга шинэчилж байна аа.