Tuesday, December 04, 2007

"Даргын" анхны сар ямар байв?

Миний зорилго 1 :
Өнөөдөр нь аялалаа төлөвлөөд маргааш нь замдаа гардаг болох.


Шинэ санаа, шинэ сэдэл төрсөн ч цаг зав, мөнгө санхүү, эр зориг, мэдлэг чадлын хувьд асуудал бэрхшээл гараад, тэр болгон хэрэгжүүлж чадалгүй өнгөрөх явдал олонтаа тохиолддог. Өнөөдөр бодсон зүйлээ тэр дор нь хэрэгжүүлж чаддаг болохын тулд бүх тал дээр "БАЯН" байх хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж мөнгө төгрөгний хувьд асуудалгүй, аливаад цаг зав гаргаж чаддаг байхаас гадна бие сэтгэлгээний хувьд байнга эрүүл, баян байх нь чухал. Ийм л хүн болохын тулд жижиг зүйлээс ч гэсэн эхлэх хэрэгтэй хэмээн, амласан ёсоор дараагийн бичлэгээ шуурхай бичиж байгаа минь энэ.
"Дарга" гэдэг нэрэнд анхандаа дасч өгөхгүй, эвгүй оргиод байсан сан. Гэтэл "дарга" гэж дуудуулах тийм ч муухай биш юм аа. "Дарга аа" хэмээн хошигнон дуудна гэдэг нь тэр хүнтэй бага зэрэг ч гэсэн дотноссоны шинж гэж хувьдаа бодож байна. Энэ маягаараа энд байдаг бүх оюутнуудтайгаа найз болох юм сан (Өөрийгөө бас "дарга" гэж дуудуулах санаатай ;p...хэхэ)

Нэг сарын хугацаанд юу хийснээ товчхон танилцуулъя.

11-р сарын 16,17-нд "Хаврын Баяр"-т байнга тусалж дэмжиж байдаг "Хөх Тэнгэр" нийгэмлэгийнхэнтэй уулын аялалд явав. Яг навч шарладаг үеэр явсан тул үнэхээр сайхан байсан. Энэ үеэр тус нийгэмлэгийнхэнтэйгээ улам дотносч, өмнөх болон дараагийн "Хаврын Баяр"-ынхаа талаар санал бодлоо чөлөөтэй солилцсон юм.

11-р сарын 19-нд Морин хуурын чуулганы тоглолт үзлээ. Аргагүй л "Хорвоогийн хамаг явдлыг хоёрхон чавхдсандаа багтаасан" хуурын маань эгшиг агуу юм аа. Энэ тоглолтыг үзсэн хэн бүхэн морин хуур нэг дарж үзэх юм сан, сурах юм сан гэж бодсон гэдэгт эргэлзэхгүй байна.

11-р сарын 22 Удаан хугацааны турш төлөвлөж ирсэн "Морин хуурын сургалт" боллоо. Чуулганаас 4 морин хуурч ирж багшилсан бөгөөд энэ тухай мэдээллийг yamoh.blogspot.com -оос авна уу. Сурагчдын маань дунд харамсалтайгаар харж чадахаа больсон, явж чадахаа больсон хүн ч байсан нь морин хуурын маань эгшиг ямар олон хүнийг уярааж, ямар олон хүнд урам өгсөний гэрч буй заа.


11-р сарын 27 Энэ өдрийн орой хичээлээ тарангуутаа Нагатачо руу зүглэсэн. Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Япон-Монголын парламентын бүлгэмийн ажлын хэсгийн дарга Кога Иссэйн хүлээн авалтанд сэнпайгийн хамт очлоо. Миний мэдэхээр Японы АН-ын дарга Озава болон ерөнхий нарийн бичгийн дарга Хатояама нар хүрэлцэн ирсэн байсан. Тэднээс бусдыг мэдэхгүй өөрөөсөө ичлээ. Миний мэргэжил улс төр судлал шүү дээ, ядаж Японы улс төрчдийг мэддэг баймаар юм даа... Ямартаа ч улс төрийн хүлээн авалт гэдгийг ёстой мэдрэх шиг л болсон. Хүмүүсийн хэлж ярьж байгаа үгийн хурцыг нь яана гэнэ!!
Монголын улс төрийн хүлээн авалтууд ямар байдаг бол? Нэг очиж үзэх юм сан.


11-р сарын 30 АН-ын дарга Ц. Элбэгдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд Японы ГХЯ(Гадаад Хэргийн Яам)-ны урилгаар Японд айлчилсан билээ. Энэ үеэр Тоокёогийн Гадаад Хэлний Дээд Сургууль дээр Ц.Элбэгдорж лекц уншин, Монголчуудтайгаа чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм. Би яаж хоцрох вэ, яваад л очлоо. Асуулт ч асуугаад авлаа. " Японы ГХЯ-нд Монголыг Хятад улсын хэлтэст оруулсан байдаг. Үүний талаар та юу гэж бодож байна вэ?" Энэ талаар бага зэрэг тайлбарлая. Японы ГХЯ-нд Ази-Номхон далайн газар, Хятадын хэлтэс, Монголын баг (アジア大洋州局中国課モンゴル班) гэж байдаг юм билээ. Би ч гэсэн саяхан л мэдсэн юм) Харамсалтай нь тодорхой хариулт авч чадсангүй. Японы ГХЯ-аас төлөөлөгч байсан болоод ч тэр үү, бүү мэд.
Гэхдээ л Элбэгдорж гуайн ярианы урлаг гэж агуу шүү. Харвардын бүтээгдэхүүн бүгд ийм байдаг болов уу?

12-р сарын 2 2006-2007 оны УЗ(Удирдах Зөвлөл)-өөс шинэ УЗ-ээ танилцуулах хүлээн авалт зохион байгуулав. Бидэнд байнга тусалж дэмжиж байдаг Япончууд болон сэнпай нараа урьсан хүлээн авалтаар хоёр коохай маань дуулж, би сэнпайтайгаа хуурдаад дуутай хууртай сайхан үдэж байлаа. Олон ч шинэ хүнтэй танилцаж, ажил хэргээ ч яриад амжсан боловч нэрийн хуудас солилцсоор байгаад нөхдийнхөө хийсэн хуушуур, цуйванг бараг идэж чадсангүй... За яахав дараа тэгж байгаад... (Зураг: Нөхдийнхөө хийсэн хуушуурыг зөөж байгаа нь. Хийж чадах биш зөөхийг нь ч болсон... Гэхдээ л хүнд байсан)

12-р сарын 3 Элчин дээр болсон "шинэ жилийн" хүлээн авалтанд очлоо. Морин хуур тоглож өгөх хүн маань Монгол явчихсан тул арга буюу би өөрөө тоглохоор болсон юм. Өмнөх өдөр нь хамт тоглосон сэнпайтайгаа нийлээд "Үүлэн бор"-оо татав. Ирсэн зочид яриандаа улайраад тийм ч анхааралтай сонсохгүй байсан нь ганц хоёр алдаад авсан наддаа эсрэгээр аз болов. Элчингийн бэлдсэн сайхан бууз хуушуур харагдаад л байсан, бас л нэрийн хуудас солилцож, хүнтэй танилцсаар олигтой идэж чадсангүй. Хэхэхэ. Хүн сонсвол ямар аймаар идэмхий, шуналтай золиг гэж бодох байх. Ойрд Монгол хоолоо санаад л тэр. Мэдээж хоолноос илүү хүнтэй уулзаж танилцах ажил нь энэ тэргүүнд тавигдана л даа.
(Зураг: Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Харада гуайтай. Манай сургуулийн сэнпай юм гэсэн...)

гэх мэтээр нэлээн идэвхтэй өнгөрсөн нэг сар байлаа. ЯМОХ-ын "ажлаас болж" хэд хоног нойргүй хоноодохов. Одоо яая гэхэв өөрөө дэндүү дуртай юм даа, энэ ажилдаа. Гэхдээ л өөртөө зориулах цагаа мартахгүй ээ, цаадах чинь. Зүгээр ч үгүй LINKIN PARK үзээд авсан байгаа. Үнэхээр саак байсан шүү. Харин хичээл ном маань хаана гээгдчихэв ээ? Мэргэжлийн хичээлүүд эхэлчихсэн байгаа, хичээлээ ч гэсэн сайн хийхгүй бол. Муу сурдаг "дарга"-тай байвал онцгүй биз дээ?


3 comments:

Агьнууд Х.Зоригт said...

Манай дарга ч гялалзаж байна даа. :)

BoYKa said...

хэхэхэ. Гялбаад байна уу?

Unknown said...

Хичээж байгаа шүү. Найз нь чадах хэмжээгээрээ туслах болноо. "Миний ертөнцийг би өөрөө л бий болгоно. Бусдаас бэлгэнд авч, бусдын хүчээр бий болдог зүйл биш" гэж найз нь боддог. Чи ЯМОХ-г өөрийнхөөрөө л авч яваарай хө. Хичээгээрэй, улам илүүтэйгээр