Saturday, December 29, 2007

Баярласаар л ...

       ЯМОХ-ын сагсны тэмцээн, шинэ жил гээд блогоо бичиж амжсангүй. Хичээл амраад бүхэл бүтэн долоо хоног өнгөрч байхад энэ хоёроос өөр зүйл амжуулж чадаагүйдээ харамсав... Ямартаа ч сагсны тэмцээн маань сайхан болж өнгөрөв. Анх удаагаа охидын тэмцээн болсон нь их олзуурхууштай. Охидын нийт 4 баг байсан бөгөөд манай ЯМОХ-ын баг нэг нь байв. Ямартаа ч 2-р байранд ороод амжсан шүү. Би болгоомжгүйгээсээ болоод зүүн талынхаа хавиргаа мөргүүлчихэв. Одоо хүртэл өвдөөд байх юм. Хэн нэгний хэлснээр аминдаа хайртай юм болохоороо рентгэн зураг авахууллаа. Зүгээр гэх юм... Ай даа, мэдэх юм алга.
       Шинэ жилийн хувьд багахан сандаралтын байдалтай байлаа. Бодож байснаас хамаагүй их бүртгүүлээгүй хүн ирж, хэд хэдэн удаа нэмж уух юманд явав(би биш л дээ. Явж өгсөн коохай нартаа баярлалаа). Тэгээд тэгээд уух юм бага байна гэх хүн гарч ирсэн. Гайхах ч шиг... Энэ жилийн тайзны засалт гоё болсон гэдэгтээ хүмүүс санал нийлэх биз. Манай коохай нар чимсэн юм. Мундаг шүү. DJ-р манай алдарт ТУАНА ирэв. Доргио доргио. Манай хэдэн охид сарын турш бэлдсэн бүжгээ толилуулж олны нүдийг хужирлав.

Туанатай

Мөн коохай нар маань дуу ч бэлдэж ирэв. Ёстой л дуутай хууртай, бүжигтэй жүжигтэй сайхан баяр боллоо. Бүгдэнд нь баярласнаа илэрхийлье. Хэдийгээр энд нэр нь дурдагдаагүй ч сэтгэлээрээ тусалж дэмжсэн, хамтран зохион байгуулалцсан бүх залуустаа баярлалаа.
       Сайхны хажуугаар саар гэж байдаг. Энэ хоёр үйл ажиллагааны үеэр ажиглагдсан зүйл.
Япон улсад сурч амьдарч байгаа хүмүүс харьцангуй соёлтой, ухамсартай байдаг даа. Гэтэл хогоо хамаагүй хаях, тарьсан хогоо цэвэрлэхгүй орхих гэх мэт асуудал байнга л гарч ирэх юм. Дэндүү харамсалтай. Хүн бүр нэг ширхэг хог бариад гарвал ердөө л 5-хан минутын дотор дуусах юмыг хий дэмий гэдийж зогссоор байгаад 30, 40 минут болгочих юм. Мэдээж зохион байгуулж байгаа тал хариуцах ёстой ажлуудын нэг л дээ. Гэвч үйл ажиллагаа маань ОЮУТНУУД сайн дураараа хийж байгаа зүйл гэдгийг бодолцох хэрэгтэй. Бид үүнийг зохион байгуулснаар цалин мөнгө аваагүй, ашиг хонжоо хөөгөөгүй гэдгийг мартаж болохгүй. Хогоо цэвэрлэхийг шаарддаг төлбөртэй үйл ажиллагаа ч гэсэн олон байдаг шүү дээ. За за, нөгөөдөх чинь үглэж эхэлж байх шиг байна.
       Өчигдөр сагсны тэмцээний үеэр харамсалтайгаар бэртсэн Цэцэггаравыг ЯМОХ-ыг төлөөлж эргэж очив. Эмчилгээний болон замын зардлаас авахуулаад нэлээн хүнд байдалд байгаа юм байна лээ. Хамгийн аймаар нь баруун гараа огт хөдөлгөж чадахгүй, зүгээр хэвтэж ч чадахгүй хэд хоног суугаагаараа унтсан гэх юм. Бид аль болохоор сэтгэлийн дэм өгөхийг хичээж, ЯМОХ-ын данснаас 3 түмэн иенийг хандивлав. Бидний зохион байгуулсан тэмцээн дээр ийм зүйл болж, аюулгүй байдлыг хангаж чадаагүй тул зүй ёсоор үүрэх ёстой хариуцлага гэж бодсоны үндсэн дээр ийнхүү шийдвэрлэсэн юм. Монголчууд бид, нэн ялангуяа эх орноосоо хол байгаа оюутан залуус бид бие биендээ байнга тусалж дэмжиж байх хэрэгтэй.
       Маргааш ВИМО-гийн шинэ жилийн үдэшлэг. 25-нд завгүй гүйсээр бараг баярлаж чадаагүй тул маргааш ч ёстой сайхан баярлана аа. ВИМО-доо амжилт!!
Сурагчийндаа Набэ хийж идэв


No comments: