Өчигдөр оноо гаргах гээд Ёкохамад байдаг найзындаа цуглав. Хоол ундаа хийж эхлэх гэсээр байтал цаг орой болж, хам хум идээд бушуухан шиг Минатомираи руу хөдлөв. Буудлаасаа бага зэрэг зайтай байр байсан тул гүйхээс өөр аргагүй байлаа. 7, 8-н хүн нэг захаас нөгөө зах хүртэл хар хурдаараа гүйгээд өнгөрөв. Каунтдаун болох газартаа 3 минут хоцорч очно гэдгээ мэдсэн тул шууд л дэншан дотроо тоолж байгаад оргилуун дарсаа буудуулав. Энэ жилжингээ дэншанд явах юм байлгүй дээ, ноднингийн Тугаа шиг... Буудлаасаа яг гарч ирээд л хартал хамгийн сүүлийн салют пүс "бударч" байх юм. Энэ 1 секундын салютын төлөө баахан гүйж яарч ирсэндээ инээд хүрэв. За яахав, Японы цагаар тухтай оноо гаргаагүй ч Монголын цаг гэдэг нэг боломж үлдсэнээ санаад тайвшрав. Тэр хавиар тоглоомын парк хэссэн шиг, ганц хоёр тоглоом тоглосон шиг цаг нөхцөөв. Бас болоогүй ээ, найзтайгаа хамт НИГАОЭ буюу өөрийнхөө хошин зургийг зуруулаад авав. Дараа зургийг нь аваад тавина аа. Ямартаа ч Монголынхоо цагаар шинэ оноо амжилттай, тайван гаргаж найзынхаа руугаа буцав. Өглөө их эрт бас нэг хөтөлбөртэй байсан тул бас л яаран гэр лүү нь гүйв. Дахиад л 7, 8-н хүн сүр сар гээд л өнгөрөв.
Найзындаа очингуутаа идэж амжаагүй байсан хуушуур салатаа идэв. Хуушуур их амттай болсон. Найзууддаа баярлалаа. Харамсалтай нь миний хариуцаж авсан салат, төмсөө сойгоогүйн улмаас нялцайсан муухай юм болов.
Уучлаарай. Сүүтэй цайны тухайд ч гэсэн уучлаарай(Давс гээд АЖИНОМОТО амтлагч авчихсан байна лээ).
Хагас цаг ч бололгүй хам хум хувцаслаад дахиад л буудлын зүг гүйцгээв. 6, 7-н гар сүр сар гээд л ...
Хав харанхуйд гарсан хүмүүс чинь үүр яг цайхын алдад далайн эрэг дээр очив. Тэнгэрийн хаяа ямар ч үзэсгэлэнтэй юм бэ. Үгээр илэрхийлэхийн аргагүй тул зургийг нь л тавъя. Ямар ч гэсэн гүйсээр байгаад энд ирсэндээ хүн болгон сэтгэл хангалуун байлаа. Далайн мандлаас ургах тэр час улаан нарыг хараад энэ оныхоо бүх л эрч хүчийг олоод авах шиг болсон. Алгаа хавсраад өөрийн болон гэр бүлийнхээ, найз нөхдийнхөө эрүүл мэнд, аз жаргалын төлөө мөргөсөн. Өө тийм, нар харах гэж далайн эрэг явсан биш Фүжи уул яг ар талд байсан байна лээ шүү. Та бүхэн ч гэсэн нэг очоод нар мандахыг хараарай. Канагава мужийн Хирацүка Саутерн Бийч гэж бий. Өглөө хамгийн эхний дэншагаар хөдлөхөд амжина.
Өвлийн хүйтнээ мэдрхэгүй шахам гүйсээр үдсэн 2007 он, угтсан 2008 он. Үнэхээр сайхан дурсамжтай үлдлээ. Өнгөрсөн ондоо хийж амжаагүй зүйлээ болон шинээр хийхийг зорьсон бүх зүйлээ 2008 ондоо багтааж хийж бүтээхийн төлөө хичээх болно оо.
Өө тийм, 2007 оны 12-р сарын 30-нд алдарт ВИМО-гийн шинэ жилийн үдэшлэг болсон. Олон ч сайхан хүмүүстэй танилцаж, их л хөгжилтэй үдшийг өнгөрөөлөө. Манай охид бүсгүйчүүд ч үзэсгэлэнтэй юм аа. Зохион байгуулагчиддаа баярлалаа.
Special Thanks to Васэдагийн ИС-ийн хамт олон. Та бүхнийхээ ачаар шинэ оноо сайхан зурагтайгаар угтаж чадлаа. Үнэхээр их баярлалаа.
2 comments:
Шинэ оноо хөгжилтөй, бас хурдтай :p өнгөрөөсөндөө.
Ургах наран үнэхээр сэтгэл хөдөлмөөр байсан шүү.
Гоё зурагнууд байна.
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах тэр нандин агшинд хамт байсан найз чамдаа баярлалаа.
Post a Comment