Thursday, January 10, 2008

Хоёрхон чавхдсандаа хорвоог багтаасан...

   Бээжингийн Олимпийн нээлтэн дээр морин хуур эгшиглэнэ. Үүнийг мэдсэн олон Монгол улсын иргэд дор дороо бухимдал дургүйцлээ илэрхийлж байна. Би ч гэсэн анх сонсоод юу гэхээ мэдээгүй шүү. Гэтэл сайн бодоод үзвэл бас тийм ч уур хүрмээр зүйл биш юм шиг ээ. Бид үүнийг зөвөөр хүлээж авч, бодлоготой хөдөлбөл харамсалтай ч юм уу, эсвэл ичмээр ч юм уу зүйл огт байхгүй гэж бодох юм.

   Морин хуур бол дан ганц Монгол улсын хөгжим биш, Монгол үндэстний хөгжим. Гэдэг маань Өвөр Монголын Өөртөө Засах Орон ч гэсэн Морин хуурыг өөрийн хөгжим гэх эрхтэй. Өвөр Монголын Өөртөө Засах Орон маань Хятад улсын харъяат. Гэдэг маань Хятад ч гэсэн морин хуурыг "Манай улсын цөөнх үндэстний хөгжим" гэдэг утгаараа өөрийнх гэх бүрэн эрхтэй. Бид хэрэв үүн дээр хөгжмөө тоглуулахгүй, манай хөгжим гэсэн байдлаар хандах юм бол Өвөр Монголчуудыг "Монгол үндэстэн" биш хэмээн үгүйсгэж байгаа хэрэг болох бус уу.

   Өнөөдөр дэлхийн сая сая хүн тоглодог төгөлдөр хуур анх Италид зохион бүтээгдсэн гэдэг. Гэтэл өнөөдөр төгөлдөр хуурыг хэн ч хаана ч тоглож болдог шүү дээ. Ингээд бодохоор морин хуурыг ч гэсэн хаана хэн тоглоход асуудалгүй баймаар. Харин ч Морин хуур маань UNESCO-н Дэлхийн Соёлын Хийсвэр Өв (Intangible Cultural Heritage) болон зарлагдсан байдаг нь олзуурхууштай. 2009 онд албан ёсоор бүртгэгдэх юм гэсэн. Хийсвэр өв гэснээс манай уртын дууг маань харин Олон Үндэстний Соёлын Хийсвэр Өв гээд Хятад ба Монгол улсынх гээд зарласан байсан. Өвөр Монголд ч гэсэн өөрийн гэсэн уртын дуу байдаг болохоор үнэхээр яах ч аргагүй юм. Энэ маягаар Хятад улс морин хуурыг ч гэсэн олон үндэстний гэдгээр бүртгүүлэх биз. Хөгжим зэмсгээр ч зогсохгүй Монгол бичиг болон Монгол хэлийг хүртэл бүртгүүлэх боломж тэдэнд байна.

   Хятад энд тэндхийн үйл ажиллагаан дээр морин хуур болон уртын дууг танилцуулахыг зогсоох арга байхгүй ч, Монгол улсын засгийн газар маань аль болох эдгээр үнэт өвүүдээ хэн хүнээс өрсөн албан ёсоор бүртгүүлж, дэлхий дахинд зарлахгүй бол бүх зүйл л бичиг баримтан дээр тогтож буй өнөөдөр бид газар нутгаа хүртэл алдах энүүхэнд байна. Тийм ч учраас Японд сурч буй Монгол оюутан бид Монголынхоо тухай, Монгол соёлынхоо тухай аль болох их хүнд ярьж, танилцуулж, байнга л "Монголын элчин сайд" байх ёстой юм. ЯМОХ-оос зохион байгуулдаг Хаврын Баяр ч гэсэн үүнд их том үүрэг гүйцэтгэдэг гэж бодож байна.

   Эцэст нь хэлэхэд Бээжин Олимп 2008-ын нээлтээр Морин Хуурын талаар ямар тайлбар хийхээс л их зүйл шалтгаалах байх гэж бодож байна. Үүн дээр манай улсын зүгээс ч гэсэн маш болгоомжтой хандахгүй бол болохгүй буй заа.

2 comments:

Заяа said...

Хятадын тайлбараас шалтгаалж Монголчуудын хүлээж авах байдал шийдэгдэх юм шиг.
Миний хувьд морин хуур тийм том наадмын нээлтэн дээр эгшиглэнэ гэдэг бахархууштай байна.
Тэгэхдээ Хятадын нантока гэж зарлавал уур хүрэх юм байна :p

BoYKa said...

Харин тийм ээ. Хэдийгээр Хятадаас явуулж байгаа бодлогуудын нэг гэдгийг нь мэдэж байгаа ч яаж ч чадахгүй болохоор. Харж л байя.