Friday, January 04, 2008

"Чингис хаан" жүжиг

     Өнөөдөр "Чингис хаан" жүжгийн урьдчилсан тавилтыг үзлээ. Япон зохиогч, найруулагч, продюсер, жүжигчид, стаффтай энэ жүжгийн талаар төрсөн сэтгэгдлээ бичье.
     Өнгөрсөн жил "Бөртэ Чоно-Чингис Хаан" хэмээх кино дэлгэцнээ гарсныг та бүхэн санаж байгаа байх. Мөн л Япон найруулагч, жүжигчидтэй (гол дүрүүд) энэ кино олон ч хүний шүүмжлэлтэй учирч, янз бүрээр яригдсан. Би өөрөө үзээгүй ч сураг сонсохнээ Бөртэ үжин Жамухатай сүй тавьсан байдаг гэсэн. Энэ удаагийн "Чингис Хаан" жүжгэнд ч гэсэн арай боловч төстэй зүйл ажиглагдсан. Бөртэ үжин маань Тэмүжингийн бие хамгаалагч аятай хөнгөн шингэн хувцаслаж, хутга барин үсэрч дэвхцэн, амь тэмцэн хамгаалж байх юм гэнэ. Хатан гэхээсээ илүү зарц бараа бологч шиг л аяглаж, сав л хийвэл өвдөглөн сууж, толгой бөхийлгөх юм. Хамгийн хачирхалтай санагдсан нь Жамухын сүйт "カルカ" хэмээх гүнжид Тэмүжин сэтгэл алдарч, түүнд нь Бөртэ үжин гомдон тунирхаж байх юм. Жамухын хатдын дунд "カルカ" гэж байсан билүү гэж бодлоо... Хамгийн ойр бууж байгаа нь Хулан хатан байдаг, гэтэл Хулан хатан Жамух хоёр чинь ямар хамаатай билээ...
      Кинон дээр бол Хулан хатан хутга шиддэг гэсэн, харин жүжгэн дээр бол Бөртэ үжин хутга барин дайрдаг юм. Кинон дээр Бөртэ үжин Жамухатай сүй тавьсан байдаг бол, жүжгэн дээр "カルカ" Жамуха хоёр сүй тавьжээ. Ай даа яаж яваад ийм зохиолтой болсон юм бол бүү мэд.
     Жамухын Жадаран аймгийн талаар огт дурдагдсангүй, анхнаасаа л Хэрэйдийн хүн аятай дүрслэгдсэн байсан. Хамгийн гайхсан нь Тэмүжин, Жамуха хоёр багын анд байсан гэдгийг огт үзүүлээгүй шүү. Мөн Өүлэн эхийг Тэмүжинг Чингис Хаан цол авахаас өмнө нас барж байх юм. Гэтэл Өүлэн эх чинь 1220 онд хорвоогоос хальсан биш билүү(Андуурч байж магад).
     Гэх мэт шүүмжлэх зүйл их гарч ирсэн ч уран сайхны, хайр сэтгэлийг үзүүлсэн жүжиг гэдгийнхээ хувьд бол сайн жүжиг болж чаджээ. Өмнө нь нэг удаа сургуулилтыг нь харж байсан юм. Тэр үед их л биширч байсан сан. Жинхэнэ тоглолтыг нь үзээд бүр хэлэх үггүй боллоо. Гайхамшигтай. Жирийн нэг жад барьсан харуул нь хүртэл зулайнаасаа хөлийн тавхай хүртлээ "цахилгаан" гүйлгэж, бүх биеэрээ, бүх сэтгэлээрээ жүжиглэж байсан. Үг хэлэхгүй ч гэсэн, онцгойрч хөдлөхгүй ч гэсэн тэр дүрүүд байсан цагт л жүжиг гэдэг амилдаг юм байна гэдгийг мэдэрсэн дээ.
      Монголд "Бөртэ Чоно-Чингис Хаан" киног гаргахыг хориглох хүсэлт удаа дараалан гарсан. Энэ жүжгийн хувьд харин яах бол? Нэгэнтээ л хууль судалж байгаа юм чинь энэ талаар жаахан судлаад хуваалцах болно оо.
     Энэ жүжгийн веб хуудас нь http://www.yu-jo.com/genghis/genghis.htm тул та бүхэн нэг ороод үзээрэй. Жүжгээ ч гэсэн нэг үзээд авбал зүгээр шүү. Өөрийн эрхгүй түүхээ дахин нэг шагайж харах сайхан боломж гардаг юм байна лээ.
     Дашрамд хэлэхэд манай ЯМОХ энэхүү жүжгийн зохион байгуулагчидтай хамтран театр дээрээ Монгол дээл өмсөж үзэх буланг нээн ажиллуулж байгаа. 1-р сарын 4, 13, 17, 20, 28-ны өдрүүдэд тус тус 16 цагаас ажиллана. Зав чөлөөтэй хүн байвал өдөр 12.30-с ирж жүжиг үнэгүй үзчихээд, бага зэрэг туслаад явж болно шүү. Ирэх хүсэлтэй бол chingiskhaanyamokh@yahoo.com хаягаар холбоо барина уу. Мөн эргэн тойрны хүмүүсдээ ч гэсэн энэ жүжгийг сурталчилж өгвөл их баярлана. ЯМОХ-оос билет авах юм 50% хямдраад 4000 иен болно шүү. Энэ боломжийг бүү алдаарай.



No comments: